Трамп энэ ондоо багтаан Ким Жон Унтай уулзана
2019-09-13 09:34

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай энэ онд багтаан уулзах төлөвлөгөөтэй байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Сэтгүүлчидтэй уулзах үеэр, түүнийг БНАСАУ-ын тэргүүнтэй энэ онд уулзах эсэх талаар асуухад “Тийм ээ, тэд уулзахыг хүсч байгаа. Уулзалт болно гэж би бодож байна” хэмээн хариулсан байна. 


Пүрэв гаригт Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдээлэл хийхдээ АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд уулзалт товлоогүй гэж онцолж байлаа. Гэхдээ цөмийн зэвсэггүй болгох талаарх АНУ-тай хийх хэлэлцээрийг есдүгээр сарын сүүлээр сэргээхээр төлөвлөж байгаа тухай БНАСАУ-ын мэдэгдлийг Вашингтон дэмжиж байгааг цохон тэмдэглэсэн байна. 


Эргэн сануулахад, зургаадугаар сарын 30-нд Дональд Трамп болон Ким Жон Ун нарын гурав дахь уулзалт болсон юм. Тэд гурав дахь уулзалтаа хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд хийсэн бөгөөд энэ уулзалтын дүнгээр талууд хэлэлцээрээ ажлын түвшинд эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэж байсан ч өнөө хэр нь хэлэлцээр эхлээгүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин