НҮБ-ын шинжээчийн сэтгэлийг зовоосон Оюутолгойн сөрөг үр дагавар
2019-09-13

 

Монгол Улсад 10 хоног ажилласан НҮБ-ын гадаад өр болон хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Богославский “Монгол Улс дахь уул уурхайн салбар хүн амын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх ёстой” гэж мэдэгдсэн талаар НҮБ-ын цахим хуудсанд мэдээллээ. 

 


“Монгол Улс байгалийн баялаг нөөцтөй бөгөөд энэ нь ашиг тусаа авчрах эсвэл хараал болж ч мэдэхээр” хэмээн хүний эрхийг хамгаалагч өгүүлжээ. 

 

 

Зарим тохиолдолд ашигт малтмал олборлолтоос үүдэн хүний эрх ноцтой зөрчигдөх, тэр дундаа аюулгүй, цэвэр ундны ус хэрэглэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй гэдгийг Богославский цохон тэмдэглэсэн байна. 


Тэрбээр зэс болон алт олборлодог Оюу Толгой уурхайд ажилласан талаараа голчлон ярьсан бөгөөд энэ уурхайн үйл ажиллагаа ойролцоох бүс нутгуудын ундны усны чанарт сөргөөр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд бүхий л талууд хэлэлцээрээ үргэлжлүүлж, шийдлийг олохыг уриалсан байна.

 

“Монголын өнөөгийн эдийн засгийн загвар нь ашигт малтмал олборлох салбарт суурилсан бөгөөд ашигт малтмалаас олох орлогын хуваарилалт нь хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх ёстой” гэж Богославский мэдэгджээ. 

 

Өнөөгийн байдлаар Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарч байгааг мөн онцолсон байна. Түүхий эдийн үнэ эрс унаснаас үүдэлтэй 2015-2016 оны эдийн засгийн уналтын улмаас Монголд ядуурал, тэгш бус байдал нэмэгдсэн, одоо Монгол улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна хэмээн хүний эрхийн шинжээч өгүүлжээ. 

 


“Эдийн засаг, макро эдийн засгийн тогтвортой байдал төсвийн сахилга батыг сэргээхийн тулд Монголын засгийн газар олон шинэчлэлт тэр дундаа ОУВС-ийн санал болгосон шинэчлэлтүүдийг хийсэн. Тэр дундаа мөнгө зээлийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч  шинэчллэлтээс үүдэх хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлын судалгаа шинжилгээ хийгээгүй” хэмээн Богославский мэдээлжээ. 

 

Түүний үзэж байгаагаар, эдийн засгийн шинэчлэлтүүд болон төсвийн сахилга батын арга хэмжээнүүд нь хүнс, орон байр, нийгмийн хангамжийн эрх төдийгүй хөдөлмөрийн эрх зөрчигдөх нөхцлийг бий болгож болзошгүй гэнэ. 


Монголыг эдийн засаг хүчтэй савлахаас хамгаалж, хүн амын суурь эрхийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой гэж шинжээч үзсэн бөгөөд энэ чиглэлд Монгол Улс эхний алхмаа хийсэн гэж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Globalresearc:
Монгол Улс дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 18, хүн амын тоогоороо 134 дүгээрт эрэмбэлэгддэг. Монгол Улс нь ашигт малтмалын чухал ордуудтай бөгөөд хамгийн алдартай нь зэс, алт, нүүрс юм. Ашигт малтмал нь нийт экспортын 80 хувийг эзэлдэг. Эдгээр баримтыг нэгтгэж үзвэл, Монгол гео стратегийн түгшүүрт байнга өртөмтгий улс юм. Гэхдээ Монгол, ОХУ, БНХАУ-ын талаас прагматик зөрчилдөөнгүй гео-улс төрийн менежментийн жишээ гэдгийг дурдах хэрэгтэй.
2019-09-13
Silkroadbriefing::
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголын төмөр замын транзит сүлжээг шинэчлэн, дамжин өнгөрөх потенциалыг хөгжүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрбээр Владивостокт болж буй Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын өмнөхөн Улаанбаатарт зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзжээ. В.Путин “2 талын хамтын ажиллагааны үеэр бид тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, Монгол Улсын транзит боломжийн талаар илүү анхаарч байна. Энэ зорилгоор Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна” гэжээ. Энэ нь цаашлаад Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх өөр бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа юм. Австралийн “Аспайр Майнинг” компани нь Транс-Монголын гол шугамыг давж, Овоотын нүүрсний томоохон олборлолт явуулж байна. Монгол Улсын эх үүсвэртэй ачааны 66.4 хувийг хөнгөлөлттэй үнээр ОХУ-аар тээвэрлэх боломж олгосон. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулжээ.
2019-09-13
Globalresearch:
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин МУ-ын нийслэл Улаанбаатар хотод 2 өдрийн айлчлал хийлээ. Айлчлалын төгсгөлд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай харилцан найрамдалт байдал, өргөн цар хүрээтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Энэхүү шинэ гэрээ нь дэд бүтцийн хамтын ажиллагаанд тодорхой анхаарал хандуулахаас гадна эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлийг багтаасан болно. Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэгийн санаачилгад Хойд Солонгос, БНСУ, Хятад, Япон, Орос, МУ багтдаг. Энэ нь худалдаа, эрчим хүч, хамтын ажиллагаа, зарим аюулгүй байдлыг багтаасан стратегийн түншлэл болж, хөгжиж магадгүй гэж найдаж байна. Жүдогийн спортоор холбогдсон Ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нарын хувийн харилцаа нь энэхүү гэрээнд хүрэх замналын эхлэл болжээ. Гэсэн хэдий ч МУ-ын хөгжлийн чиг хандлага, Орос, Хятад улс хоорондын харилцааг тодорхойлохын тулд газарзүй, хүн ам, эдийн засгийн үндэслэлийг авч үзэх хэрэгтэй.
2019-09-13
Синьхуа агентла:
МОНГОЛ, ОХУ СТРАТЕГИЙН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА. Монгол, Оросын тал найрсаг харилцааны талаар мөнхийн гэрээ байгуулж, 2 орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. 2 хөршийн харилцааг өргөжүүлэх шинэ гэрээнд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гарын үсэг зуржээ. “ОХУ-ын Ерөнхийлөгчийн МУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд манай 2 орны харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ түвшинд хүрсэн” гэж Х.Баттулга В.Путинтэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн. Тэрбээр Монгол, Оросын харилцаа холбоо дээд түвшний, харилцан итгэлцэл нь нийтлэг хүсэл эрмэлзлэлд суурилсныг онцолсон юм. Харин Ерөнхийлөгч В.Путин “Шинэ гэрээнд гарын үсэг зурсан нь 2 орны харилцаа холбоог бэхжүүлэх сайхан боломж. 2 улсын худалдааг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр 2 орны худалдааны эргэлт 2018 оныхоос 21 хувиар, 2019 оны эхний 7-н сард 12 хувиар өссөн байна. Мөн энэ үеэр 2 орон эдийн засаг, худалдаа, батлан хамгаалахтай холбоотой бусад хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
2019-09-13
Channelnewsasia сайт:
Далайд гарцгүй МУ Бээжингээс хараат байдлаа багасгахыг хичээж байна. Үүний илрэл бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн 7 хоногт хийсэн айлчлал юм. Тэрбээр Монголын шинэ дэд бүтцийг санхүүжүүлж, туслахаа амлажээ. МУ нь Орос, Хятад улсын хооронд стратегийн ач холбогдолтой байрлалд оршдог бөгөөд эдийн засаг нь Хятадад нийлүүлдэг ашигт малтмалын экспортоос хамаардаг. Гэхдээ Монголын эрх баригчид Азийн бусад оронд экспорт хийх арга зам хайж байсан бөгөөд Оросын Ерөнхийлөгчийн өнгөрсөн мягмар гарагт хийсэн айлчлал нь харилцаа холбоог бэхжүүлэх гол боломж гэж үзэж байна. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар МУ-ын, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хамтарсан хөрөнгө оруулалтын сан зэрэг хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. “Оросын ард түмэн нацистуудын эсрэг тулалдаж байсан үед МУ тусалсан. Монголчуудын тусламж, дэмжлэгийг бид хэзээ ч мартахгүй” гэж В.Путин хэлсэн байна. Тэрбээр 1939 онд Монгол, Оросын цэргүүд Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаанд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон.
2019-09-13