Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай
2019-09-13

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Намрын чуулган онцлогтой. Улсын төсөв ордог. Хаврын чуулган сонгуулийн жилийнх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой гурван сонгуулийн хууль ороод ирнэ. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай, хот төлөвлөлтийн тухай зэрэг хуулиуд байна. Энэ дотор мөн Шүүхийн хуулиудыг оруулах шаардлагатай байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дагаж мөрдөх хуулийг батална гэж байгаа. Улс төрийн намын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Хуучин хуулиараа явна. Нийт 28 хуулийг баталж амжихгүй, багтахгүй байх. Өргөн нэвтрүүлгийн хуулийг бид 2-3 жил ярилаа. Цаашдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа ч шинэчлэх шаардлага тавигдаж байна. 

 

Хамгийн гол нь ирц, менежмент сайтай хуралдаж байж энэ олон хуулийн ард гарна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт Ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл дагалдаж өөрчлөх нэлээх олон хууль орж ирэх байх. Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд зайлшгүй оруулах хуулийн төсөл байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн Төрийн тендэрт төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд компани оролцохгүй байх хуулийг санаалчилж байгаа. Мөн Малын хулгайтай тэмцэх зорилгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, малын хулгайн хэргийн зүйл ангийг чангатах төслийг санаалчилж байгаа. Энэ хуулийн төслийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол монголын 300 мянга гаруй малчдын хүсэн хүлээж байгаа хууль. Ж.Нарантуяа нарын гишүүд санаачилж байгаа. Энэ хоёр хуулийг хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Ард нийтийн санал асуулгаа хэзээ явуулахыг шийдээгүй. Энэ нь дэмжигдэх эсэх нь шийдэгдээгүй байхад бид намрын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж ирэх нь зөв үү. Улсын төсвөөс бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Эдийн засгийн ач холбогдолтой хуулийн төсөл манайхаас өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй байна. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин