"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна
2019-09-13

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.  Тэрбээр:

 

-Онцгой дэлгэмийн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгалаа. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлэлцлийг хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Дархан төмөрлөгийн үйлдвэр, "Монголиан копер корпорашн"ХК, "QSI" ХК,  "Цемент шохой" ХК, "Цэц Мөнх" ХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой компанийг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж зохих байгууллагад шилжүүлсэн. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй  гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемтэй оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа зарим компанитай асуудал шүүхэд шилжсэн. Иймд Засгийн газар "Эрдэнэт" ТӨҮГ, "Монголросцветмент" ТӨҮГ-т  тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг тус байнгын хороонд оруулж байна. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

 

-Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгаж байгааг дэмжиж байна. Төр "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь авсныг анхнаас нь дэмжсэн. Зэсийн үнэ унаж, орлого тэр хэмжээгээр буурч байгаа. Үйлдвэрийн байдал ямар байна вэ? "Эрдэнэт"  үйлдвэрийн ашгаас Эрдэнэчүүд хүртэх эрхтэй. 

 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал н.Бадамсүрэн:

 

-Зэсийн үнэ сүүлийн үед унаж байгаа. Улсын төсөвт суусан ханшаас өнөөдрийн байдлаар 430 ам.доллараар доогуур байна. Зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулга өсч байгаа. Энэ нөхцөлд бид ашиг орлогоо бууруулахгүй байхын төлөө ажиллаж байна. Өртөг, зардлаа хямдруулах чиглэлд ажиллаж байна. Эхний 8 сарын байдлаар зардлаа 30-аад тэрбум төгрөгөөр бууруулаад ажиллаж байна. Үүний үр дүнд  эхний 8 сарын техник, технологи, эдийн засаг, санхүүг төлөвлөгөөт хэмжээнд ажиллуулж байгаа. Улсын төсөв 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Өнгөрсөн оны мөн энэ үед улсын төсөвт 685 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан юм. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн гаргасан 40 сая ам.долларыг буцаан авах ажил хэр явж байна вэ? "Жаст"-ын өрийг буцаан төлүүлэх ажил ямар байна вэ? 

 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал н.Бадамсүрэн:

 

-"Стандарт" банкны асуудал гадаад талдаа шийдвэрлэгдэж, "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн эрсдэлтэй байдал шийдэгдсэн. Одоо бид өмгөөллийн компани аваад "Жаст" групптай хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. "Жаст" группын нэр дээрх хөрөнгийг битүүмжилсэн. Төр засгийн дэмжлэгтэй хөөцөлдөөд ажиллаж байна. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин