УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. Намрын чуулганаар нийт 33 асуудал хэлэлцэнэ. Энэ жагсаалтад Засгийн газраас өргөн мэдүүлсэн зээлийн хэлэлцээр багтсангүй. Үүнд уурласан Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүдийн картыг сугалж “томорсон” ч эцэст нь гуйгаад ч тусыг олсонгүй. Харин ч УИХ-ын дарга Г.Занданшатараас УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах зэмийг хүртэв.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын оруулсан, яаралтай хэлэлцээд өгөөч гэсэн төслийг оруулсангүй. Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсийн асуудал юм. 30 шахам жил яваагүй ажлыг явуулъя гэж байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар өгье гэсэн шийдвэр гаргаад байгаа юм л даа. Засгийн газрын ярьсаар байж шийдвэрлэсэн асуудлыг энд оруулсангүй. Үүнийг нэг хийгээд өгөөч дээ. Надад хувийн сонирхол алга. Та бүхэн энэ ажлыг хий гэж намайг Шадар сайдаар томилсон. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхгүй гээд байгаа учраас би гишүүдийн картыг сугалсан юм" хэмээн учирлалаа.
Харин УИХ-ын дарга баримт бичгийн иж бүрдлийг хангаж, асуудалд хуулийн зөрчилгүй хандах чиглэлийг өглөө.
Б.Энэрэл
Уншиж байна |