Өнөөг хэр нь ихэнх хүмүүс “хаалттай нийгэм”, “пуужин, цөмийн зэвсгээр айлгагч”, “улс орон нь хөгжилгүй” гэж бодсоор байгаа Хойд Солонгосын жинхэнэ хөгжлийг илэрхийлэх мэдээллүүд ойрын үед шил дарааллан гарсаар байна.
Үүний нэг нь Хойд Солонгос өөрсдөө ухаалаг гар утас үйлдвэрлэж эхлэжээ. Тодруулбал, БНАСАУ “Кильтонму” нэртэй ухаалаг утас үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд бүх эд ангийг нь дотооддоо үйлдвэрлэсэн энэ гар утас нүүр царай, хурууны хээ таних болон бусад төрлийн функцуудтэй гэнэ.
Хойд Солонгосын “Ариран Меари” цахим хуудсын мэдээлснээр “инноваци ухаалаг утас”-ыг БНАСАУ-ын Кванъя худалдааны компанийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа бөгөөд “загварын хувьд чамин”, “инноваци шингээсэн”, “дэвшилтэт” хэмээн тодорхойлжээ.
Дуу хоолойгоор утасны хайлт хийж болох энэ гар утсыг худалдаанд гаргахдаа хөгжим сонсох, мэдээ унших кэрэг 30 төрлийн апликейшн суурилуулсан байхын дээр цахим толь бичиг, бусад төрлийн программууд суулгах аж.
Эх сурвалжийн батлаж байгаагаар, ухаалаг утасны гадна дизайнаас эхлэн цахилгаан эд анги, программуудыг хүртэл гагцхүү БНАСАУ-д, Хойд Солонгосын мэргэжилтнүүдийн хүчээр бүтээжээ.
Харин, NK News мэдээлэхдээ , “Кильтонму” утсыг БНАСАУ-д үйлдвэрлэсэн гэдэгт эргэлзэж, энэ утас Өмнөд Солонгосын Samsung Note 8 утастай тун адилхан байгааг онцолсон байна. Түүнчлэн, “Кильтонму” нь Samsung Note 8 гар утсыг хуулбарлан Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байж болзошгүй бөгөөд Хойд Солонгос руу нийлүүлсний дараа “БНАСАУ-д үйлдвэрлэв” гэж бичсэн байж болзошгүй гэж дээрх эх сурвалж мэдээлжээ.
Алин байлаа ч “Кильтонму” гар утас Хойд Солонгост ихээхэн эрэлттэй байгаа гэнэ. Харин ямар үнээр худалдаалагдаж байгаа талаарх мэдээлэл гараагүй байна.
Хойд Солонгосын хөгжлийн өөр нэгэн сонин
Цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хоригт өртөж, дэлхийгээс бүрэн тусгаарлагдсан гэж хэлж болохоор энэ улс залуу Ким удирдаж эхлэснээс хойш олон өөрчлөлт, шинэчлэлтийг туулж байгаа гэдэг.
Технологид ихээхэн анхаарал хандуулах болсон энэ улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд квантын тооцооллыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар саяхан Хойд Солонгосын “Нодон синмун” сонин мэдээлсэн байна.
“Өөрчлөгдөж буй өнөө үед компьютеруудыг шинэчлэн, мэдээллийн боловсруулалтын шинэ боломжуудыг сайжруулах явц хүн төрөлхтнийг шахаж байна. Олон орон квантын тооцооллын хөгжлийг идэвхитэй ажиглаж байгаа юм” хэмээн “Нодон синмун”-д мэдээлжээ. Түүнчлэн дэлхий дахин хиймэл оюун ухааны эринд алхан орж байгаа бөгөөд илүү төгс тооцоолон бодох хүчин чадлын хэрэгцээ тэсрэлттэйгээр гарч ирж байгаа энэ үед өнөөгийн компьютерын боломжууд хязгаарлагдмал нөхцөлд квантын тооцоолол хамгийн зөв хувилбар хэмээн онцолсон байна.
Эргэн сануулахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон ун шинжлэх ухаан техникийн боловсролын чухлыг цохон тэмдэглэж, түүнийг улс орных нь эдийн засгийн зүтгүүр гэж саяхан мэдэгдэж байсан юм. Тэрбээр улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбар дахь чадварлаг мэргэжилтнүүдийг олж авахын төлөө өрсөлдөж, энэ нь далд хэлбэрийн дайн болон өрнөж байгааг онцолж байлаа.
Ийнхүү эрх баригчид нь шинжлэх ухаан, технологид онцгой анхаарал хандуулсны дүнд энэ хичээлийн жилд тус улсад шинжлэх ухаан, техниктэй холбоотой 85 мэргэжлээр элсэлт авч, шинэ мэргэжилтнүүд бэлтгэх тэнхимүүд улс орон даяар, 37 их дээд сургуульд нээгдсэн бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдал, нанотехнологи болон робот техникийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд энэ улс онцгой анхаарал хандуулж байгаа аж. Түүнчлэн, Хойд Солонгосын эрх баригчид боловсролд хэрхэн ач холбогдол өгч байгаа нь Үндсэн хуульд оруулсан нэмэлтээс шууд харагдана. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Үндсэн хуульд “шинжлэх ухаан, технологийн салбарын мэдлэг эзэмших нь үндэстний нэн чухал стратегийн нөөц мөн” гэсэн нэмэлтийг оруулсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |