Ким Жон Ун Трампыг улсынхаа нийслэлдээ урьжээ 
2019-09-16

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пхеньянд зочлохыг урьсан талаар Өмнөд Солонгосын JoongAng Ilbo сонин мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр энэ оны наймдугаар сард Америкийн ерөнхийлөгчид илгээсэн захидалд Трампыг урьж байгаа талаар бичсэн байна. Наймдугаар сард Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ БНАСАУ-ын удирдагчаас “маш найрсаг захидал авсан” гэж мэдэгдэж байлаа. Ким Жон Ун захидалдаа АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт болж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний дээр сургуулилт дууссаны дараа хэлэлцээрээ сэргээх санал тавьсан гэж Трамп өгүүлж байв. Энэ захидлыг Пхеньянаас Трампад өөрт шууд илгээсэн гэнэ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун захидалдаа дээд түвшний хэлэлцээрийн гурав дахь шатыг зохион байгуулахыг Трампад уриалсан бөгөөд харин Трамп энэ захидалд хариу өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 


Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сард Ханойд болсон Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх АНУ, БНАСАУ-ын ажлын хэлэлцээр хараахан сэргээгүй байгаа юм. Хэдийгээр хоёр орны төрийн тэргүүн зургаадугаар сард Пханмунжомд уулзан, хэлэлцээр сэргээх талаар тохиролцсон ч энэ тохиролцоо ажил хэрэг болоогүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин