Өнөөдөр Сүхбаатарын талбайд үзүүлэх төрийн үйлчилгээ
2019-09-16

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

 

 

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм. 

 

Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.  

 

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.

 

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

 

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Shuud.mn
Сонин хачин