УИХ-аа ТАРААХ уу, парламентын засаглалаа ХАМГААЛАХ уу
2019-09-16

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, Ард нийтийн санал асуулгыг явуулах товыг энэ долоо хоногт тогтооно. УИХ-аас Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулахаар товлоод байгаа.  УИХ-аас өргөн барих төсөлд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт тавина гэдгээ эрх баригчид мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулгатай холбогдуулан “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн саналыг өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан энэ санал олон нийтийг талцуулаад байгаа хэдий ч парламентын засаглалтын улсын хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжих ч  засаглалаа өөрчлөх тухайд анхнаасаа хөндөгдөөгүй.  Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэнээс  шинэчилсэн найруулга оруулаагүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаас 35 хувьд нь багтаах заалттай.

 

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын тухайд Үндсэн хуульд тусгагдаагүй асуудал гэж эрх баригчид үзэж байгаа. Хуульч, судлаачдын зүгээс ч “Ерөнхийлөгч Үндсэн хуульд тусгагдаагүй асуудлаар Ард нийтийн санал явуулах саналаа өргөн барилаа. Энэ нь түүнийг огцрох үндэслэл болно” гэсэн байр суурийг ч илэрхийлж байгаа. Үндсэн хуулийн 35.2-т  “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна”  гэж заасан бол Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.2 мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэлийг дээрх заалтаар тодотгосон байдаг.  УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцсэн бол энэ удаагийн  саналыг хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурьтай байна лээ.

 

 Харин Ард нийтийн санал асуулга явуулах төслийг 29 тэрбумаар төсөвлөснийг сөрөг хүчин эсэргүүцэж байгаа. Тиймээс зардал болон товлох хугацааны тухайд өөрчлөлт орох магадлалтай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ард нийт дэмжиж батлагдах, дэмжигдээгүй аль ч тохиолдолд энэ парламентыг тараах асуудал сүүлийн үед яригдах болсон.  Уг нь нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” гэсэн заалтыг дэмжсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дагалдан 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж түүхэн өөрчлөлт хийх гэж байгаа энэ парламент хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгож тарсан түүхийн шинэ хуудсыг бас бичилцэх эсэх яриа улстөрийн хүрээлэлд гарч эхэллээ.  Хэдийгээр эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд болон бусад гишүүдийн гаргасан “УИХ-ын гишүүн 108 эсвэл 99 байх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог байх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар УИХ тарна” зэрэг  заалт дэмжигдээгүй парламент түүхэн үүргээ гүйцэтгэсэн эсвэл  нэр хүнд тарах хэмжээнд хүрсэн гэж үзэх хэсэг байна.

 

Энэ яриа сүүлийн үед  газар авсаар байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед парламент тараах асуудал их яригдаж байна. Сонгууль хийдэг ганц ажилтай болж хувирах уу. Ил далд парламентыг тараах асуудал яригдсан гэж сүүлийн үед чих дэлсээд байгаа. Тийм юм ярьсан гишүүд ам хэлээ татаж яваарай” хэмээн чуулганы хуралдаан дээр шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Муу ч гэсэн төрийн дээд удирдах байгууллага Парламентыг тараахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй! Хууль журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой!  Түүнээс хэдэн дарга нарын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш л дээ. УИХ тарах үндэслэл нь "60 тэрбумын асуудал", "Жидүүчдийн хулгай" юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой! Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой!” гэсэн байр сууриа илэрхийлжээ.

 

Үнэмлэхүй олонхи эрх баригчдын хагарал өнгөрсөн хугацаанд үргэлжилж, хурцдаж, “60 тэрбум”, “ЖДҮ-чид”-ээрээ талцаж,  үүн дээр Ерөнхийлөгч тоглолт хийж, МАН Ерөнхийлөгчийн хараат болоод байгаа нь бодит үнэн. Нэгэнтээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохгүй, олон нийтийн өмнө гарахаараа  төрийн албан хаагчдаас эхлээд сайд нартаа “Ажил хийж чадахгүй бол зайл, тэр сайд толгойгоороо хариуцна” гэх эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс улиглалаас олон нийт залхаж эхэлсэн. Ер нь бол УИХ-ыг хугацаанаас нь тараах чинь хүсэл парламентад суудалгүй улс төрийн хүчин, улстөрчдөд л байгаа.

 

Парламентын гаднах намын дарга, Ерөнхий сайдаар удирдуулсан эрх баригчид  хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгаж, тарвал дараагийн сонгуульд оролцохоос ч татгалзах хэрэгтэй. Хугацаанаасаа өмнө тарна гэдэг чинь амлалтаа хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гишүүддээ хариуцлага тооцож чадаагүй,  УИХ оршин тогтнох эрхзүйн чадамжгүй гэдгээ албан ёсоор зарлаж байгаагаас гадна Монголын ардчиллын 30 жилийн хананд ана цав суулгаж байна үг. Нэгэнтээ хугацаанаасаа өмнө тарсан парламенттай нөхцөлд Ерөнхийлөгчийн санал жинхэнэ утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэнэ.  Тэр үед дараагийн УИХ-ын сонгууль бус дараагийн Ард нийтийн асуулга явуулах эрх Ерөнхийлөгчид шилжихийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ парламент, УИХ дахь үнэмлэхүй олонхи бүдүүн “64-ийн бүлэг” намаа биш улсаа бодож, хууль зөрчсөн хэсэгтээ хариуцлага тооцож, УИХ-ын нэр хүндийг, парламентат засаглалаа хамгаалах үлдээд байна.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хариуцлага тооцох хэрэгтэй,,,тэрнээс УИХ-ыг тарааж улс орныг үймүүлж болохгүй,,,Арай хийж нэг МАфи-тай тэмцэж шударга ёсны салхи салхилж эхлэхээр бусниулж болохгүй шүү
2019-09-16
Иргэн:
Монгол улсын иргэд Төрөө дээдэлж, хүндэтгэж амьдардаг байсан бол одоо Их хуралд сууж байгаа гишүүдийг бузар хуйвалдааны эзэд, хулгайч луйварчид гэж хараан зүхэж болдогсон бол тамын оронд одуулах юмсан гэж сэтгэл зүрхнээсээ өширхөцгөөдөг болоод байна.
2019-09-16
чиний хэлдэг яг үнэн
2019-09-16
Зочин:
Цайрчихсан ОРКУУД уих зг -т байгаа юм чинь тараасан ч болохоор даан ч дараагийн их зг-т дахиад оркууд сандайлахгүй гэсэн баталгаа байхгүй юм даа оркууд ард түмнийг хуурч мэхэлж төрд сандайлсаар монгол улс өрөнд орж өтөнд идэгдсээр уруудаж мөхсөөр л цаг хугацаа явсаар
2019-09-16
чиний хэлдэг яг үнэн
ТАР ТАР:
МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН БУГ БУЗРУУД ЦУГЛАСАН ГАЗАР
2019-09-16