АНУ: Газрын тосны объектуудын халдлагад Ираныг буруутгаж байна
2019-09-17

 

Саудын Арабын газрын тосны объектууд руу халдсан хэргийн цаана Иран байгаа гэж АНУ үзэж байгаа юм. Америк үүнийг батлах хиймэл дагуулын зургуудыг нийтлэсэн бөгөөд сүүлийн үеийн тагнуулын мэдээллээс үндэслэн халдлагыг Иран зохион байгуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Эргэн сануулахад, бямба гаригт шилжих шөнө Саудын Араб дахь дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болон өөр нэгэн энэ төрлийн объект дронуудын халдлагад өртсөн юм. 


Хэдийгээр энэ хэргийн хариуцлагыг Йемений босогч хуситууд өөр дээрээ авсан ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ халдлагын ард Иран байгаа гэж мэдэгдсэн ч ямар нэг нотолгоо гаргаж ирээгүй. Харин Ираны эрх баригчид АНУ-ын энэ мэдэгдлийг няцааж байв. 


Мөн ням гаригт Дональд Трамп Твиттер хуудсаараа дамжуулан гэм буруутныг яв цав тогтоомогц цэргийн хүч ч ашиглаж магадгүй хэмээн анхааруулсан юм. 


Шинэ мэдээлэл 


Даваа гаригт АНУ-ын албаны төлөөлөгчид нэрээ нууцлана гэж тохиролцсоны үндсэн дээ Нью-Йорк Таймс, Эй Би Си, Ройтерс агентлагуудын сэтгүүлчидтэй уулзжээ. 


Эдгээр  эх сурвалжуудын мэдээлснээр, Саудын Араб дахь газрын тосны үйлдвэрүүд дээр баруун хойд чиглэлээс 19 цохилт өгсөн байна. Харин Йемений хуситууд хяналтандаа байлгадаг нутаг дэвсгэр нь зүүн өмнөд зүг юм. 


Тэд хэлсэн үгнийхээ баталгаа болгон баруун талдаа гэмтэл авсан газрын тосны агуулахын томруулсан дүрсийг харуулсан байна. Энэ нь дронууд Персийн булангийн хойд хэсгээс, Иран эсвэл Иракаас дронуудыг хөөргөсөн гэсэн үг гэж Америкийн тагнуулынхан үзэж байгаа аж. 


Түүнчлэн, Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, дронуудаас гадна далавчит пуужин ашигласан байж болзошгүй ч эдгээр пуужингууд байндаа хүрээгүй гэнэ. 


Энэ халдлагад Иран хамааралтай гэдэгт Дональд Трамп огт эргэлзэхгүй байгаа талаар Америкийн захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч онцолсныг Эй-Би Си дамжуулжээ. 


Харин өөрийнх нь нутаг дэвсгэрээс халдлага үйлдэгдсэн гэдгийг Иран эрс няцааж байгаа юм. Вашингтон Иран руу ийнхүү дайрч байгаа нь хориг арга хэмжээ болон тус улсын цөмийн хөтөлбөрийн хөгжилд саад болох гэсэн оролдлогын зэрэгцээ “дээд зэргээр дарамт шахалт үзүүлнэ” гэсэн Трампын амлалтын нэгээхэн хэсэг гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгдсэн байна. 


Хуситууд хариуцлагыг өөрсөддөө авсаны шалтгаан 


Йемений босогч хуситууд Саудын Арабыг Йемений сөргөлдөөнд тус улсын эрх баригчдыг дэмждэгийн төлөө Арабын хүн ам суурьшсан бүс нутаг руу хэдэнтээ халдаж байв. Энэ халдлагын улмаас Саудын Арабын дөрвөн энгийн иргэн амиа алдаж байсан юм. 


Йемений сөргөлдөөний тухайд, шийтийн нэг урсгалыг шүтдэг хуситууд Йемений ихээхэн хэсэгт хяналтаа тогтоон, тус улсын Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадиг эх орноосоо дүрвэхийг тулгаснаас үүдэн 2015 онд Йемений эрх баригчид болоод босогчдын хоорондын сөргөлдөөн хурцадсан. 


Улмаар Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб болон арабын өөр долоон улс  Йемений засаглалыг сэргээхийн тулд нийлэн, эвсэл байгуулсан бөгөөд энэ эвсэл хуситуудыг Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж үздэг юм. 


НҮБ-ийн мэдээлснээр, хуситууд 1500 км хүртэлх зайд байгаа онох чадвартай, шинэ загварын  UAV-X дронуудыг зэвсэглэлдээ авсан гэнэ. 


Мөн бямба гаригт хуситуудын төлөөлөгчид Саудын Арабын объектуудын эсрэг хийсэн халдлага улам бүр өргөжин, дараагийн удаад илүү хүнд хохирол учруулах бөгөөд “Саудын Арабын түрэмгийлэл болон бүслэлт үргэлжилж байх хугацаанд” халдлагаа хийсээр байх болно хэмээн мэдэгдсэн юм. 

 

Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв   

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин