Улаан-Үд: Эсэргүүцэл дагуулсан Шутенков тангараг өргөж, баривчлагдсан таксичин суллагдав 
2019-09-17

Есдүгээр сарын наймны өдөр болсон Санал хураалтын нэгдсэн өдрөөр Буриадын нийслэл Улаан-Үд хотын даргаар сонгогдсон Игорь Шутенков албан тушаалдаа орсон талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Улаан-Үд хотын сонгуулийн комиссын дарга Марина Андронова түүнд хотын даргын үнэмлэх гардуулж өгсөн бөгөөд “Сонгууль хүчин төгөлдөрт тооцогдсон. Сонгуулийн дүнгээр  Игорь Шутенков сонгогчдын 52,52% санал авч ялалт байгуулсан” хэмээн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн байна. 


Энд дуулгахад, сүүлийн 12 жилийн туршид Улаан-Үдэд анх удаа хотын даргын шууд сонгууль явагдаж, бие даан нэр дэвшсэн Игорь Шутенков энгийн олонхын саналаар ялалт байгуулсан юм. 


Хэдийгээр түүнийг бие даан нэр дэвшсэн гэх ч Оросын “Единая Россия” нам /Оросын “эрх баригчдын нам” гэгддэг улс төрийн хамгийн том нам/-ын дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан гэж үзсэн сөрөг хүчний төлөөллүүд сонгуулийн дараагаас санал хураалтыг хүчингүйд тооцохыг шаардан жагсаж эхлэсэн юм. 


“Ардын баатар” суллагдав


Анхандаа, “Путиныг хөөхөөр алхаж яваа бөө”-г дэмжигчдийг суллахыг шаардан эхлэсэн энэ жагсаал ийнхүү шинээр сонгогдсон хотын даргын эсрэг жагсаал болон хувирч, есдүгээр сарын еснөөс эхлэн Улаан-Үд хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан. Энэ үеэр жагсаалыг хүчээр тараах, жагсагчдыг баривчлах ажиллагаа явагдсаны дунд олон нийтийн эсэргүүцлийн эхлэлийг тавьсан гэгдэх, таксины жолооч Дмитрий Баиров баривчлагдсан нь олны дургүйцлийг төрүүлсэн юм. 


Тэрбээр, есдүгээр сарын есний өдөр “Путиныг хөөхөөр” Якутаас Москваг чиглэн алхаж яваа бөө Александр Габышевийн дэмжигчдийг суллахыг шаардан, интернэтэд шууд дамжуулалт хийн, хүмүүсийг талбай дээр цуглахыг уриалж байв. Түүний уриалгаар олон арван хүн цугларсан бол удалгүй хотын даргын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа коммунистууд, тэр дундаа сонгуулиар 37 хувийн санал авч, Игорь Шутенковд ялагдсан Вячеслав Мархаев нар нэгджээ. 


Улмаар зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр таксины жолооч Баиров болон Ардын хурлын депутат Баир Цыренов нарыг баривчилсан нь хууль сахиулагчид болон жагсагчдын хооронд багахан хэмжээний “мөргөлдөөн” гарах дөхсөн юм. 


Дмитрий Баировыг жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчсөн, жижиг танхайн хэрэг үйлдсэн, цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх гурван зүйл ангиар захиргааны хариуцлагад татан, 15 хоног баривчлах шийдвэр гаргасан. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд Информ полис сонины мэдээлснээр Баировыг өнөөдөр 14:00 цагт суллах юм байна. 


Түүнийг суллагдах үеэр “баатрын ёсоор угтах” санаачилга олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байгаа гэнэ. 

 

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна 

Shuud.mn
Сонин хачин
ali:
ni tgeed iGor ni yumbe dee
2019-09-17
irgen:
soliotoi hyn
2019-09-17