Цахилгаан машиныг тусгай эгнээгээр зорчуулах санал гаргажээ 
2019-09-17

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд байгальд ээлтэй, агаар мандалд хорт хийн хаягдал гаргахгүй цахилгаан машинуудыг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа. 

Олон оронд татварын хөнгөлөлт, зорчих эгнээний давуу тал зэрэг боломжуудыг цахилгаан машин сонгосон хүмүүст санал болгож байгаа юм. Эдгээр улсуудын нэг болох ОХУ-д ирэх жилээс эхлэн цахилгаан машинуудыг тусгай зурвасаар зорчихыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ асуудлыг “Автонет” үндэсний технологийн санаачилгын ажлын хэсэгт хэлэлцэж байгаа талаар “Комсомольская правда” мэдээллээ. 


Шинжээчдийн тооцоолсноор, ийм өөрчлөлт оруулвал цахилгаан машин эзэмшигчид 25-30 хувь хурдан явах боломжтой бөгөөд экологийн цэвэр тээврийн хэрэгслийн борлуулалтыг дэмжих боломжтой болох аж. 


“Энэ нь зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорцуулах тухай асуудал биш. Цахилгаан машин эзэмшигчид төлбөртэй замаар хямдралтай үнээр зорчих, зогсоол үнэ төлбөргүй ашиглах, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг олон боломжуудыг олгох талаар төлөвлөж байна” хэмээн Үндэсний технологийн санаачилгын ажлын хэсгийн төлөөлөгч мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин