Хилийн чанадад манай улсын 175 мянга гаруй иргэн оршин сууж байна
2019-09-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдрүүд өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх үйл ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны нээлттэй өдрөөр үргэлжилж байна.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

 

Гадаад харилцааны яам Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн  дүүрэн хэрэгжүүлэх зорилтыг удирдлага болгон улс орны аюулгүй байдал,  хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, эдийн засгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчилан таниулах зэрэг чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллалаа.

 

Эдүгээ манай улс дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход 2-хон улс үлдээд байгаа. Монгол Улс олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсч, хоёр талын шугамаар  1222 гэрээ хэлэлцээр байгуулан, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн ороод байна.

 

ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллалаа. Хоёр хөрш улстай бүх түвшинд идэвхтэй харилцаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин саяхан Монгол Улсад айлчилж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласныг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын” Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, аялал жуулчлал, зам тээвэр зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.  Бид хоёр хөрш улстайгаа гурван талт уулзалтыг тогтмол зохион байгуулж, Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

 

Гуравдагч хөрш улсуудтай тогтоосон түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар чармайлт тавин ажиллалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д 2018 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ-ын хооронд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон бол Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ онд АНУ-д хийсэн айлчлалаар Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг тунхаглаад байна. 2017 онд Европын холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо байгуулагдав.

 

Ардчиллыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр олон улсын тавцанд идэвх чармайлт гаргаж, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа гишүүнээр 2016-2018 онд сонгогдон ажиллалаа. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсыг төлөөлсөн, Улаанбаатар хотод төвтэй Засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 2019 онд албан ёсоор нээлээ.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхэд гадаад улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, тэднээс дэмжлэг туслалцаа авах асуудлыг амжилттай шийдвэрлэж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Хөшигийн хөндийн нисэхийн анхны хурдны зам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, гэр хорооллын дахин төлөвлөлт, хилийн боомтын дэд бүтцийг барьж байгуулахад, АНУ-ын Мянганы сорилтын корпорациас олгож буй буцалтгүй тусламжийн 350 сая ам.долларыг Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд, Япон Улсаас олгож буй 7,9 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг Монгол, Японы сургалтын эмнэлгийг байгуулахад, БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхэд, БНЭУ-аас авах 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад тус тус зарцуулахаар шийдвэрлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Япон Улстай хамтран барьж байгууллаа. Зөвхөн тоймтой жишээнүүдийг дурдахад ийм байна

 

“Монгол экспорт” хөтөлбөрийг батлуулж, “Экспортыг дэмжих үндэсний зөвлөлийг байгуулан, хилийн чанадад Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газруудыг тодорхой үе шаттайгаар нээх арга хэмжээ авч, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөтгөх, худалдааг хөнгөвчлөх, түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санаачилгатай  ажиллалаа. Эдгээрийн үр дүнд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт түүхэндээ анх удаа 13 тэрбум орчим ам. долларт хүрлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол өсч байна.

 

Эдгээр тоо баримт нь Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7,3 хувьтай өсөхөд гадаад харилцааны салбар онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг илтгэн харуулж байна.

 

Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөрийн хүрээнд улс орноо хилийн чанадад таниулах, Үндэсний брэндийг бий болгоход анхаарч, Монгол Улсыг сурталчилсан 800 гаруй арга хэмжээг сүүлийн 3 жилд зохион байгуулав. Гадаад, дотоодын 50 гаруй иргэнийг “Монгол Улсын Соёлын элч”-ээр томилон ажиллуулж байна.

 

Хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарав. Дэлхийн 16 улсад  монгол хэл, соёлын 48 сургууль байгуулагдлаа. ГХЯ 2016-2019 онд 550 гаруй мянган иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, эмнэлэгийн төлбөр хөнгөлөх, чөлөөлүүлэх, төлбөрийн чадваргүй иргэдэд эх орондоо буцах зардлыг гаргуулах зэргээр 8 тэрбум 240 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрөөс иргэдийг чөлөөлсөн.

 

Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулж, манай улсын энгийн паспорттай иргэд 23, дипломат паспорттай иргэд 33, албан паспорттай иргэд 27 улсад тус тус визгүй зорчиж байна. Мөн АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг 2018 онд хамруулж, БНЧУ-д зорчих, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй монгол иргэдэд БНЧУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ. БНСУ-ын олон удаагийн виз авах боломжтой монгол иргэдийн хүрээг 2018 оны 10 сард нэмэгдүүлж, визийн барьцаа 5 сая төгрөг байршуулах шаардлагыг халах, БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ар гэрийг богино хугацаагаар тус улсад зорчих виз авах таатай нөхцөлүүдийг нэвтрүүлэхээр айлын талтай тохиролцон ажиллаж байна.

 

Консулын үйлчилгээг цахимжуулах хүрээнд гадаадад байгаа монгол иргэдийн гадаад паспортын захиалгыг УБЕГ-т цахимаар хүргүүлэх боломжийг нээж, паспорт захиалсан иргэдийн хүлээх хугацаа 2-3 дахин багаслаа. Мөн гадаадад байгаа иргэдийн иргэний бүртгэлийн лавлагаа цахимаар авах тогтолцоог нэвтрүүлээд байна.

 

Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататгах, эх орноо хөгжүүлэх талаар иргэдийн бүтээлч, ажил хэрэгч санал, зөвлөгөөг хүлээн авч, иргэн-төрийн эргэх холбоог сайжруулах, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад тусгахыг бид эрмэлздэг. Манай яамнаас зохион байгуулж буй өнөөдрийн өдөрлөг нь энэхүү зорилгод үйлчлэхээс гадна, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

 

Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулахад яамны хамт олон чухал ач холбогдол өгч, Та бүхэнд мэдээлэл өгч, зарим үйлчилгээ үзүүлж, өдөрлөгийн турш та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно.

 

Түүнчлэн Монгол Улсад суугаа гадаадын ДТГ-ууд, олон улсын байгууллагууд өдөрлөгийн арга хэмжээнд өөрийн улс, байгууллагаа сурталчилж, бидний үйл ажиллагааг дэмжин оролцож буйг мэдээлэхэд нэн таатай байна" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин