Бокс: Э.Цэндбаатар медалийн төлөө өрсөлдөнө
2019-09-18

Оросын холбооны улсын Екатеринбург хотноо эрэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний гуравдугаар тойрог өндөрлөлөө.

 

 

Тэмцээний 57 кг-д Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар Унгарын боксчин Роланд Гарошийг 5:0-ээр илүүрхэн ялж, шилдэг наймд багтав. Тэрбээр өнөөдөр Ирландын боксчин, энэ оны Европийн аварга Курт Уолкерийг ялвал медалийн болзол хангах юм.

 

63 кг-д ОУХМ Б.Чинзориг гуравдугаар тойрогт Энэтхэгийн Маниш Каушикт, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү Иорданы Зеяд Еашахт тус бүр 0:5-аар ялагдан үзэгчдийн суудал руу шилжив.

 

Энэ удаагийн ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх олгохгүй бөгөөд манай улсаас долоон боксчин тус ДАШТ-д оролцсон юм. Тэднээс эхний даваанд 52 кг-ийн Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновт 2:3-аар, 75 кг-ийн Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт 0:5-ээр, 81 кг-ийн Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5-аар, -91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин