Ж.Эрдэнэболд: Хар тамхины хэрэглээ залуужиж байна
2019-09-18

Хар тамхитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр /2019.09.18/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс хөдөө орон нутагт 23 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас Орхон аймагт 13, Сэлэнгэ аймагт 3, Дархан, Булган, Төв, Дорнод, ӨМнөговь аймагт тус тус нэг хэрэг шалгагдаж байгаа аж. Үүнээс үзэхэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ зөвхөн Улаанбаатарт бус хөдөө орон нутгийг чиглэсэн нь анхаарал татаж байна. 

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ гэмт хэргийн тоо 62 хэргээр буюу 32.2 хувиар өссөн байна. Харин гэмт хэрэгт холбогдогчдын тоо 72 хүнээр буюу 21.9 хувиар өсчээ. 2019 онд  энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 282 буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байнгаа юм. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүүхдүүд эзэлж байна. Мансуурах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн 17 хүүхдээс 13 нь ЕБС-ийн 10-12 ангийн хүүхдүүд байжэээ. Хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд хэллээ.

 

2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад улсын 11 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүнээс Франц, Их Британи, Нигерь, Энэтхэг, Турк, АНУ-ын иргэд хэрэгт холбогджээ.

 

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэлтийн эсрэг гэмт хэрэгт холбогдогчдын 59 хувь буюу 105 нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бол 29 оюутан, 13 сурагч, 4 төрийн албан хаагч хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүрээллийг харахад 54 хувь нь найз нөхөд танилуудтайгаа хамтран оролцсон судалгаа гарчээ.

 

2019 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын хилээр хууль бусаар мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодос нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг шалгагдаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин