УИХ-ыг ТАРААХ-ыг дэмжиж байна уу

УИХ-ын нэр бүхий гишүүд “УИХ-ыг тараах” төслийг санаачлан гарын үсэг зуруулж байгаа аж. Одоогийн байдлаар УИХ-ыг тараах саналд 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. УИХ-ыг тараах асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулинд зааснаар л явна
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд 2020 оноос өмнө дагаж мөрдөнө гэж тусгавал хуулиараа явна. Би өмнө нь УИХ тарахыг дэмжиж гарын үсэг зурж байсан. Би одоо ч энэ байр суурин дээрээ байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ
-Би ямар үндэслэлээр тараах гээд байгааг нь ойлгохгүй байна. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр энэ парламент сайн ажилласныг онцолсон. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэж болгоомжилж байгаа. Үүнтэй би санал нэг байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Хууль эрхзүйн хувьд боломжгүй
-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг явуулах нь хууль эрхзүйн тухайд зөрчилдөнө. УИХ-ын сонгуульд нэр дэвших иргэн 6 сарын өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай холбоотойгоор Нөхөн сонгууль явуулах тогтоол ҮХЦ дээр унаж байсан.
Ноднин төрийн эрх барих дээд байгууллага УИХ хоёр сар ажлаа явуулж чадахгүй гацсан. Тэр тохиолдолд ард түмэнд үнэнээ хэлээд тарах нь зөв. Харин өнөөдрийн тухайд УИХ үйл ажиллагаа бүрэн гацахгүй, хэвийн явагдаж байгаа. Дээр нь ээлжит бус сонгууль явуулахад хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цагийн юм цагтаа болох ёстой
Бид дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, дэмжлэг авч гарч ирсэн. Тэр мөрийн хөтөлбөрөө дуусгах, ард түмэндээ тайлагнах хэрэгтэй. Хугацаанаас нь өмнө сонгууль явуулбал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Цагийн юм цагтаа болох ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би гарын үсэг зурахад оролцохгүй
-УИХ-ыг тараах гарын үсэг зурж байгаа нь үнэн юм байна. Би гарын үсэг зурахад оролцохгүй. “УИХ ажлаа хийж чадахгүй байна, тараах хэрэгтэй” гэж байгаа бичигт гарын үсэг зурахгүй. Харин УИХ-аар хэлэлцвэл би дэмжээд явуулна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МАН хариуцлагаас зугатаж байна
-Өнөөдрийн байдлаар АН-д албан ёсоор мэдээлэл ирээгүй. АН ёсзүйгүй, жудаггүй, УИХ-ын гишүүдийн тангаргаасаа няцсан гишүүдтэй энэ УИХ-ыг тарах нь зүйтэй гэж хоёр жилийн өмнө тавьсан. УИХ-ыг тараах гэдэг асуудал миний харж байгаагаар хоёр, гурван үндэслэлтэй. Өнөөгийн эрх барьж байгаа намын увайгүй бодлогын үр дүнд эрх баригчид гүйцэтгэдэж, мухардаж байна. Нэг хэсэг популизмаар хийрхлээр нийгмийг угаасан. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр бодит үнэн гарч байгаа. Жишээлэхэд, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ ноднингийн мөн үетэй харьцуулахад 30 хувь нэмэгдсэн. Эрчим хүчний үнийг нэг жилийн дотор 16 хувь нэмлээ. Улаанбаатар хотыг утаагүй болгоно гэж сүржигнээд яриад байгаа, хэрэгжээгүй. Энэ бүх зүйлээс юунд нь УИХ-ыг таарах тухай яриад эхлэв гэхээр МАН хариуцлагаас зугатаах гэж байна. Хариуцлагаа эхлээд хүлээ. Хуулийн, улс төрийн хариуцлагаа хүлээ. Үүний дараа УИХ тарах асуудлыг ард түмэн шийдээд өгнө. “60 тэрбум”-ын схем үнэн гэдгийг МАН-ын дарга хүлээн зөвшөөрсөн. ХЗДХ-ийн сайд нь хүлээн зөвшөөрсөн. 40 гаруй гишүүн нь хүлээн зөвшөөрсөн. Концессийн 800 тэрбум төгрөгийн асуудал, ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, АН-ын дэд даргын Төрийн ордонд амиа алдсан хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хүчингийн хэрэгт шалгагдаад УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн нөхөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болсон байна. Хэрвээ УИХ-ыг тараах гэж байгаа бол эхлээд ёсзүйн болоод улс төрийн хариуцлагаа хүлээ.
УИХ-ын бүрэн эрх ямар нөхцөлд хугацаанаасаа өмнө дуусгавар болох вэ
УИХ-ын гишүүд ийн байр сууриа илэрхийлж байна. Энэ асуудлыг тодруулахаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нартай холбогдоход “албан ёсоор дуулаагүй, орон нутагт томилолтой явна” гэсэн хариу хэллээ. УИХ-ыг тараах асуудалд Ерөнхий сайд асан М.Энхсайхан цахим сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ыг тараах гэдэг нь улс төр бөгөөд Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Үндсэн хуулиар засаглалын Вакуум үүсгэвэл тогтворгүй байдлыг өдөөсөн гэмт хэрэг болох буй за. Харин ээлжит бус сонгууль зарлая гэвэл хууль эрх зүйн хувьд ойлгомжтой болох юм. Тэнэглэлд хязгаар байхгүй дээ. Өөрсдөө мэдэцгээ” гэсэн байна гэсэн байна. УИХ-ын тухай хуульд Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох талаар:
31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон зэргийг тусгажээ.
УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх нь УИХ-ын мэдэлд байгаа юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ