Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт
2019-09-20

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Ард нийтийн санал асуулгын дүнгээр “…Явах уу, зогсох уу” гэдэг нь шийдэгдэх гэж байх шиг байна. Үүнтэй зэрэгцээд УИХ тарах тухай ч яригдаад эхэллээ. Гэхдээ нэгэнт хэлэлцэж эхэлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар олон нийт, судлаачид, экспертүүд санал бодлоо хэлцгээсээр байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт орвол гялайх ганц л заалт байгаа. Тэр нь Баялгийн сан гэцгээж байна.

 

 

Үндсэн хуулийн 6.2-т “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг юм. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “төрийн өмч” гэдгийг өөр бусад оноосон нэрээр солих хэрэгтэй гэж улс төрийн хүчнүүд, төрийн институциуд байр сууриа илэрхийлж байна.

 

Юутай ч олон нэр томъёоны аль нэгээр нь өөрчилж чадвал төр, засаг байгалийн баялагтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг байх эрхийг баталгаажуулж байгаа хэрэг болох юм.

 

Түүнчлэн “…Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн ерөнхий агуулгыг оруулж өгчээ. Баялгийн сан байгуулж, орлогыг дахин хуваарилах боломжийг Үндсэн хуулиар нээж өгч байгаа том боломж болно. Уул уурхайн салбарынхан ч Баялгийн санг дэмжиж байгаагаа бас хэлцгээж байгаа. Одоогийн Үндсэн хууль дээр эдийн засгийн талаарх зүйл заалт байхгүй гэхэд болно. Ингэхээр эдийн засгаа харгалзан үзэж, Баялгийн сантай болох хэрэгтэй гэж буй.

 

Ер нь манай улс шиг байгалийн баялагтай улсууд Баялгийн сан байгуулж, хямралд өртөхөөс сэргийлдэг байгаа юм. Мөн тэр сангаараа дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл, төслүүдийг ч дэмждэг. Энэ тухай өмнөх УИХ ч бас олон удаа ярьж байв. Норвеги зэрэг улсуудаас ч туршлага судалж байсан.

 

Тус улс Баялгийн сандаа нэг их наяд евро хуримтлуулж чадсан жишээ байдаг байна. Тиймээс Норвеги улсын эдийн засагт Баялгийн сангийнх нь тусламжтайгаар ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй аж.

 

Манайхан ч Баялгийн сан хэрэгтэй гэдгийг өнөөдөр ярьж эхэлж байгаа юм биш. Одоогоос таван жилийн өмнө Сангийн сайд асан Э.Бямбажав гуай “…Манай одоогийн болон өмнөх  удирдлагууд ойлгохгүй  байгаа нэг асуудал  байна. Энэ бол  дэлхий нийтэд сүүлийн хориод жилд байгалийн баялагтай орнууд Баялгийн сан гэж байгуулсан явдал. Өнөөдөр дэлхий дээр  баялгийн 60 сан байна. Гэхдээ бүх орон энэ баялгийн санг байгуулчихдаг юм  биш. Баялагтай орон л  үүнийг хийж чаддаг. Баялгийн сантай орнууд хоорондоо нэгдээд тэр сангаараа дамжуулж зээл авдаг.  Үүнд Засгийн газар нь оролцдоггүй. Ямар ч баталгаа гаргаж өгдөггүй. Харин Засгийн газар нь дэмжиж өгдөг. Гэтэл манай Засгийн газар оролцож баталгаа гаргаж өгдөг. Энэ нь маш том алдаа” гэж байлаа. Мөн тэрээр “…Манайхан Баялгийн сангаа байгуулж чаддаггүй. Баялгийн сан гэдгийг гадагшаа мөнгө хадгалуулаад байвал л хөгждөг гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш. Би гадны томоохон хөрөнгийн эзэн улсуудтай ярьж байсан. “Тавантолгойн ийм уурхай байдаг юм. Энд хоёр тэрбум  ам.доллар хэрэгтэй байна. Үүнийг ямар хугацаанд  өгч  чадах вэ” гэхэд  “Хоёр  сарын  дотор өгнө” гэсэн.

 

Юу шаардахыг нь асуухад Тавантолгойн уурхайнхаа материалыг л өгчих. Хэчнээн нөөцтэйгөөс хэдийг нь экспортлох, хэчнээнийг нь дотооддоо боловсруулах юм тэрийгээ  л  тодорхой  болго. Та нарын тооцоо зөв  бол  хоёр сарын  дотор  л бүтнэ. Гэхдээ та нар Баялгийн сангаа  байгуулчих. Тэгээд тэр сангаараа дамжуулаад зээлээ ав. Бид зээлээ нэг  газраас өгөхгүй. Танай Тавантолгойн уурхайд аль ойр байгаа газраас нь өгнө. Харин шуудТавантолгойтой л харьцахаас Засгийн газар ч юм уу өөр хэн нэгэнтэй харьцахгүй гэдэг. Баялгийн сангаараа дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг  татдаг болчихоод байна шүү дээ” гэж ярьсан нь бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.20  БААСАН  №187  (6154)

 Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчууд бид эрх мэдэл, засаглал гэдэг хоёрхон үгийн утгыг огт ойлгохгүй яваа бололтой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үйл ажиллагаа бол эрх мэдэл. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьектууд нь Парламент, Засгийн газар, бүх шатны шүүх юм. Харин эдгээр субьектуудад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг олгодог, дургүйн хүрвэл огцоруулдаг үйл ажиллагааг нь засаглал гээд байгаа юм. Иймээс дэлхий дахинд Парламентын засаглал, Ерөнийлөгийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй, харин Үндсэн хуулийн Засаглал буюу Ард түмний засаглал гэсэн л ойлголт байдаг. Үүнийг л дэлхий нийтээр Ардчилал гэж нэрлээд байгаа юм.
2019-09-20
зочин:
Дэлхий дахинд анхны гайхалтай Үндсэн хуулийг бий болгосон Америкчууд Үндсэн хуулиндаа Парламент, Ерөнхийлөгч (Засгийн газар), Шүүх нь бие биеэ сонгодоггүй, томилдоггүй, огцоруулдаггүй, харин ард түмэн тэдгээрийг сонгодог, бас огцоруулдаг байхаар хийжээ. Үүнийг Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал гэх бөгөөд ерөнхийд нь Ардчилал гэдэг байна.
2019-09-20