“Ур чадвар-Үйлдвэрлэлд” төсөлд хамрагдсан залуусаас 80 нь шууд АЖЛЫН БАЙР-тай боллоо
2019-09-20

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлж ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Ур чадвар-Үйлдвэрлэлд” төслийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019-09-20/ Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.

 

      

      Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон төслийг санаачлан санхүүжүүлж, хэрэгжүүлсэн “Оюу Толгой”, “GCR Mongolia”, SMS компаниуд, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төсөл, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ-ын төлөөлөл, төсөлд хамрагдсан сургуулиудын захирлууд болон ажил олгогч байгууллагынхан оролцож төсөлд хамрагдсан суралцагчдад батламж гардууллаа.

 

             “Ур чадвар-Үйлдвэрлэлд” төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж, хот хөдөөгийн долоон политехник коллежийн 318 суралцагчийг “Skillset-1” түвшин буюу “Оюу Толгой” компанийн техникийн чиглэлийн ажилчдын доод түвшинд тавьж байгаа  шаардлагад нийцсэн буюу Австралийн суурь ур чадварын шаардлагыг хангасан боловсон хүчин болгон бэлтгэсэн байна.

 

          

 

  Төсөл хэрэгжих явцад багш, суралцагчдад сар бүр тэтгэлэг олгож, танхимын болон дадлагын сургалтад шаардлагатай бүхий л материал хэрэглэгдэхүүн, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангаж, үйлдвэрлэлийн дадлагын орчныг бүрдүүлэн, аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримтлан ажиллахад сургажээ.

 

            Төслийг санаачлан хэрэгжүүлсэн байгууллагууд Монгол Улсад хэрэгжиж буй барилга, уул уурхайн салбарт эрэлттэй байгаа техникийн болон мэргэжлийн боловсролтой ажиллах хүчний чанарын хэрэгцээг хангахын тулд хүний нөөцийг төлөвлөх, сонгох, сургах, хөгжүүлэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор уг ажлыг эхлүүлсэн бөгөөд төсөлд хамрагдсан 318 суралцагчаас ажил олгогчдын зүгээс 80 гаруй хүүхдүүдийг сонгон шалгаруулж ажлын байраар бүрэн хангаад байна. Цаашид шинээр үүсэх ажлын байрны эрэлтийг хангах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах ажил үргэлжлэх бөгөөд, төгсөгчдийн мэдээллийн сан үүсгэж, ажил эрхлэлтийн судалгааг нарийвчлан хийнэ гэсэн юм.

 

         

   Төслийн хаалтын арга хэмжээний үеэр төслийг хэрэгжүүлэгч болон төсөлд хамрагдсан залуусын төлөөлөлтэй уулзлаа.

 

Төсөл төгсөгчдийн хувьд том боломж болж чадлаа

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.ӨНӨРБАЯР:

 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж “Ур чадвар-Үйлдвэрлэлд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 318 хүүхдийг хамруулж “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлд ажиллах техникийн ажилчдын стандартыг хангах ур чадварыг эзэмшсэн нь хамгийн том үр дүн юм. Тэд мөн Австралийн инженерийн  суурь стандартыг бүрэн хангаж байгаа. Төсөлд хамрагдсан суралцагчдаас 80  нь шууд ажлын байртай болсон бөгөөд хамгийн доод тал нь 1,8 сая төгрөгийн цалинтай байх нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хувьд маш чухал дэвшил гэж харж байгаа.

 

Засгийн газрын зүгээс мэргэжлийн боловсролын салбарын хөгжилд онцгой анхаарч багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлж, суралцагчдад тэтгэлэг өгөхөөс гадна сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, дадлага хийх тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг хийж байна. Нөгөө талаасаа бид хувийн хэвшлийхэн, ажил олгогчидтой сургалтын хөтөлбөрийн агуулга дээр хамтран ажилладаг болсон.

 

Барилга, уул уурхайн салбарт илүү олон монгол залуусыг ажиллуулах нь бидний зорилго

 

 

“GCR Mongolia” ХХК –ийн ТУЗ-ийн гишүүн  Э.БАТЗОРИГ:

 

 -Манай компани “Оюу толгой” төсөл дээр барилга, уул уурхайН чиглэлээр ажил гүйцэтгэдэг. Бидний зүгээс МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын эзэмшиж буй УР чадвар, чадамжийг аж ахуйн нэгжүүдийн шаардлагад нийцүүлэх зорилгоор бид энэхүү төслийг санаачилж хэрэгжүүлсэн. Бид энэ төслөөс илүү олон мэргэшсэн монгол залуучууд бий болж барилга, уул уурхайн салбарт гадаад хүмүүсээс илүүтэйгээр ажиллах боломж бүрдээсэй гэж хүсч байгаа.

 

“Ур чадвар –Үйлдвэрлэлд”  төсөл эхэлснээс хойш  Улаанбаатар хот болон, хөдөө орон нутгаас нийт 318 оюутан хамрагдсанаас одоогийн байдлаар манай компани 80-ыг нь  ажлын байраар хангаад байна. Төсөл бүрэн дуусаагүй байгаа. Төслийн төгсгөлд  буюу арванхоёрдугаар сард бүрэн хэрэгжиж дуусахаар нь төслийнхөө явцаас шалтгаалаад хүүхдүүдийг нэмж ажилд авах төлөвлөгөөтэй байгаа. Уул уурхайн том компанид ажиллах урилга гардлаа

 

 

Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийн төгсөгч М.БҮРГЭДБААТАР:

 

-Би Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийг гагнуурчин мэргэжлээр төгсөж байгаа. “Ур чадвар-Үйлвэрлэлд” төсөлд хамрагдаж гурван сарын турш суралцаад өнөөдөр “Skillset-1” түвшин буюу “Оюу Толгой” ХХК-ны техникийн чиглэлийн ажилчдын доод түвшинд тавьж байгаа  шаардлага, Австралийн суурь ур чадварын шаардлагад нийцэх боловсон хүчин болон бэлтгэгдэж батламжаа гардан авлаа. Манай Эрдэнэтээс нийт 39 оюутан энэ төсөлд хамрагдсан. Бид энэ сургалтанд хамрагдсанаар ажлын байран дээр тохиолдох саад бэрхшээл багасаж байгаа. Учир нь яг ажил дээр гараад мэргэжлийн түвшинд  зарим нэг тал дээр мэдэхгүй чадахгүй зүйл  тулгардаг  тэр бүгдийг урьдчилан заалгаж, бүрэн бэлтгэгдэж чадлаа. Миний хувьд харилцааны ур чадвар, ажлын зураг унших, тооцон бодох чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хичээлүүдэд түлхүү  анхаарч судалсан.  Мөн сургалтын явцад “GCR Mongolia” XXK –иас ажлын санал хүлээж авч, ярилцлаганд ороод өнөөдөр албан ёсоор ажиллах урилгаа гардаж аваад байна. Манай гэрийнхэн бүгд уул уурхайн салбарт ажиллаж байсан хүмүүс учраас би энэхүү мэргэжлийг сонгон суралцаж өнөөдөр томоохон уул уурхайн компанид урилгаар ажиллах болоод байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Дархан худ худ:
Худ худ
2019-09-22
Ul medeh:
Арай л дэндүү худлаа шаахиймаа
2019-09-22