Трамп, Зеленскийн “нууц яриа”-ны улмаас ТТГ санхүүжилтээ хасуулж болзошгүй 
9-23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг тойрсон шуугиантай холбоотойгоор Үндэсний тагнуулын газрын санхүүжилтийг танаж болзошгүй гэнэ. 


Тодруулбал, дээрх хоёр ерөнхийлөгчийн  утасны ярианы агуулгын талаар тусгай албаны нэрээ нууцалсан ажилтан гомдол гаргасныг хууль сахиулагчдад дэлгэрэнгүй танилцуулахаас татгалзсаны хариуд санхүүжилтийг танах талаар АНУ-ын Конгрессын доод танхимын ардчилагчид авч хэлэлцэж байгаа талаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хорооны дарга Адам Шифф мэдэгджээ. 


Энд дуулгахад, долоодугаар сард Трамп Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Байден болон түүний хүүтэй холбоотойгоор Украинд хэрэг үүсгэн шалгах эрмэлзэлтэй байгаа, Америкийн Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Рудольф Жулианид тусламж дэмжлэг үзүүлэхийг Зеленскийд  “найман удаа” сануулсан гэж баасан гаригт The Wall Street Journal мэдээлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, өмгөөлөгч Жулиани зургаа болон наймдугаар саруудад дээрх асуудлыг хэлэлцэхээр Украины албаны этгээдүүдтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Украины Burisma хийн компани болон өөрийн хүү Хантертай холбоотой хэрэг мөрдөлтийг зогсоохын тулд Украинд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж өмгөөлөгч үзэж байгаа аж.  

Харин Украины эрх баригчид Жозеф Байден болон түүний хүүг аль алинийг нь ямар нэг гэмт хэрэгт буруутгаагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байв. 


Ийнхүү Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч болсон Байдены эсрэг хэрэг үүсгүүлэх сонирхолтой байгаа өмгөөлөгчдөө туслахыг Зеленскийд “даалгасан” гэх мэдээлэл баасан гаригт олон нийтэд цацагдсанаас хойш ихээхэн дуулиан тарьж байгаа юм. 


Америкийн улс төрчид энэ утасны ярианы талаар анхлан гомдол гаргасан, нэрээ нууцалсан тагнуулын ажилтны мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгөхийг шаардсан ч Тагнуулын төв газар үүнд татгалзсан байна. Улмаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гурван хороонд багтах ардчилсан намын төлөөллүүд АНУ, Украины төрийн тэргүүнүүдийн утасны яриатай холбоотойгоор мөрдөн шалгалт эхлүүлжээ. Тэд Трамп, түүний өмгөөлөгч Жулиани болон Америкийн ерөнхийлөгчийн хүрээллийн бусад этгээдүүд Дональд Трамп 2020 онд дахин сонгогдоход нь Украиныг шууд бусаар туслахыг “шахаж байна” хэмээн үэзж байгаа аж. 


Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден өрсөлдөхөөр зэхэж байгаа бөгөөд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцож байгаа юм. Тэрбээр Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн их боломжтой хүнээр нэрлэгдсэн. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин