Сүрьеэ, тэмбүүгийн тархалтыг бууруулахаар шийдвэр гаргагчид Сэлэнгэд чуулав
2019-09-23

Дэлхий дахинд жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Үүнээс тэмбүүгийн 6.3 сая тохиолдол ДЭМБ-ын тооцооллоор бүртгэгддэг аж.

 

Харин Монгол Улсад 2018 онд улсын хэмжээнд 27 төрлийн 42 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38.3 хувь буюу 16130 тохиолдол, үүн дотроо тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Тэгвэл тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймагт улсын дунджаас өндөр байгаа бөгөөд 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдын санааг чилээх болжээ.

 

 

Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж, устгах зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд өнгөрөгч долоо хоногт “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгууллаа.

 

Шийдвэр гаргагчид Сэлэнгэд чуулсан учир нь тус аймгийн удирдлага халдварт болон халдвар бус өвчнийг эрт илрүүлэх тал дээр эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтайгаа хамтран санал санаачилга гарган ажилласан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болжээ.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилын санал санаачилгаар 2016 оноос халдварт болон халдварт бус өвчний оношилгоог хийж эхэлжээ. Өнгөрсөн хоёр жил таван сарын хугацаанд аймгийнхаа 22 сум тосгонд илрүүлэг үзлэгийг зохион байгуулсан байна. Хоёр жилийн өмнө сүрьеэ, тэмбүү өвчнийг устгах, хязгаарлах үйл ажиллагааг эхлүүлэхэд иргэд таатай хүлээж аваагүй аж. Иймд нэршлийг нь сольж халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээ хийхээр иргэдийн хурлаараа батлуулжээ. Улмаар иргэд идэвхитэй оролцож орон нутгийн удирдлагатайгаа хамтран тэмцсэн ажил үр дүнд хүрч Сэлэнгэ аймгийн зарим сум анхны тэмбүү өвчингүй сум болжээ.

 

 

Энэ тухай Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Од “Өнөөдөр Монгол Улсад ялангуяа нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг нь сүрьеэ, тэмбүүгийн өвчлөл болоод байна. Тиймээс ч өнөөдөр бүхий л эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргагчид болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлагууд энд чуулж байна. Сэлэнгэ аймагт чуулганыг зохион байгуулж буй онцлог нь манай аймаг хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ажил, үйл ажиллагааг маш амжилттай зохион байгуулж байна. Өвчлөлтэй тэмцэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллага тэмцээд амжилтад хүрэхгүй. Орон нутгийн удирдлагатайгаа хамтран хэрхэн үр дүнтэй ажиллах боломжтой вэ гэдгийг манай аймаг харуулж байна. Тухайлбал манай аймгийн Жавхлант сум тэмбүүгээр өвчилсөн хүнгүй сум болсон. Энэ бол орон нутгийн удирдлагатайгаа зөвшилцөөд ажиллавал аливаа өвчлөлийн тархалтыг бууруулж, бүр ор үндэсгүй эрүүлжүүлэх боломжтой гэдгийн бодит жишээ юм. Энэ бүх үр дүнг тооцож үзээд бусад аймгуудад үлгэр болохыг зорьж энэхүү чуулганыг аймагтаа зохион байгуулж байна. Сэлэнгэчүүдээс сурах зүйл байна” гэв.  

 

Сэлэнгэ аймгийн Жавхлан сум нь 2100 гаруй хүн амтай. Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг цогц үзүлэг шинжилгээг 2017 онд анх зохион байгуулан, давхардсан тоогоор 2853 хүнийг хамруулжээ. ХДХВ болон тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээгээр илэрсэн өвчлөлийг аймгийн БЗХӨ-ний эмчтэй хамтран нууцлалын гэрээгээр өвчтөний хавьталыг илрүүлж, диспансерийн хяналтад бүрэн эмчилсэн байна.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны санаачлагаар НҮБ-ын Ерөхий ассамблейн чуулган дээр ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль санг 2002 онд Женевт төвтэйгээр байгуулсан цагаас хойш Монгол улс төсөл шалгаруулалтанд тогтмол оролцож, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр боловсруулсан төслүүддээ санхүүгийн буцалтгүй дэмжлэг аван үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн. ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэтэй тэмцэх сэргийлэх, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү чуулганд “Глобал сан”-ийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

 

 

Мөн Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа “Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжсэн. Энэ хугацаанд сүрьеэгийн болон оношилгооны үйл ажиллагааг өнөөгийн түвшинд хүргэхэд нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал сүрьеэгийн бактерыг илрүүлэхийн тулд өмнө нь 75 хүртэл хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Харин өнөөдөр хоёр цагийн дотор илрүүлэх боломжтой тоног төхөөрөмжийг 19 нэгжид хангаад байна. Мөн эмчилгээний хувьд нэлээд дэвшил гаргалаа. Ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнг 24 сар эмчилдэг байсан. Одоо харин хоёр жил боллоо. Хоёр жилийн хугацаанд 6-7 төрлийн антибиотек ууна гэдэг эмнэлгийн байгууллага болоод өвчтөнд өөрт нь чирэгдэлтэй. Энэ хугацааг бид өнөөдөр 9 сар болгон богиносгож байна. Үүнээс гадна сүрьеэгийн төслийн хүрээнд тухайн өвчтөнг оношлох, эмчлэхэд шаардлагатай эмнүүдийг тасралтгүй хангаж байна. 

 

Сүрьеэгийн өвчлөлийг сүүлийн үед гэнэтхэн тархсан мэт яригдаж байна. Сүрьеэтэй өвчтөнийг аль болох ихээр илрүүлнэ төдий чинээ сүрьеэгийн халдварыг багасгаж өгнө. Судалгаагаар манай улсын хүн амын дунд 12 мянган сүрьеэтэй өвчтөн байна. Нийт хүн амын 3.1 хувийг л бид илрүүлж байгаа.  Тиймээс иргэд эрт үед нь өвчнөө илрүүлэхийн тулд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн уриалсан юм.

 

Эрүүл мэндийн яамнаас халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, тэмбүүгийн тархалтыг хязгаарлах, устгах, төрөлхийн тэмбүүг устгах үйл ажиллагааг эхлүүлсэн.

 

 

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүн ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТС албаны зөвлөх эмч Х.Даваажав “Тэмбүүг устгая” үйл ажиллагаа эхлээд гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийгмийн идэвхи сайжирч,эрүүл мэндээ шалгуулъя, тэмбүү өвчтэй юм биш байгаа хэмээн санаа зовнин шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал ХӨСҮТ-ийн амбулатороор үйлчлүүлэгч 30-40 хувиар нэмэгдсэн. Энэ нь иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавих ухамсар дээшилсэн гэж харж байгаа” гэдгийн онцолсон юм.

 

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин. Уг өвчнийг эрт илрүүлж, хүндрэхээс урьтаж эмчилгээг эхлүүлэх нь чухал гэдгийг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна. Халдвар авсан хэн боловч, өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар бүрэн эдгэрэх боломжтой юм байна. Харин эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Тэмбүүгээр өвчлөх, хэнээс хэрхэн халдвар авсан тухайгаа иргэд хэлэхгүй ичиж зовох явдал цөөнгүй гардаг тухай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид хэлж байлаа. Гэвч нууцлалын гэрээ хийж эмчилгээг хийж, хавьтагчыг илрүүлж цаашид халдвар дамжих замыг хаах нь эмч, ажиллагсдын хувьд нэн тэргүүний зорилт гэнэ. 

 

 

Тэмбүү өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш Сэлэнгэ аймгийн Хушаат сум энэ өвчнийг илрүүлж устгасан анхны сум болжээ. Мөн ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэгт 7 хоног,т 280 хүн энэ өвчнимй асуудлаар ханддаг байсан бол өдгөө 540 болж дахин нэмэгдсэн байна. Энэ нь салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, нийтээрээ энэ өвчинтэй тэмцэж чадвал сарын дотор ч устгах боломж буйг чуулганд оролцсон эмч, мэргэжилтнүүд хэлж, эрт илрүүлэгт хамрагдахыг нийт иргэдэд уриалж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
38,2% - 6166 хүн 2018 онд тэмбүү
2019-09-24
Kkkkk:
S.Bayar tembuutei tuunii gudas Tsolmon za tegeed hoogod bval ih jum garnaa kkkkk
2019-09-23
???:
Энэ зурган дээр байгаа хүмүүс тэмбүү судалдаг хүмүүс үү?
2019-09-23
irgen:
zavaan zambaraagui ahidalt, hentei ch hamaagui untaj hevteed baidgaa l bolih heregtei shdee
2019-09-23