АВТОБУС №15: Долоон цаг туулсан Дарханы замын тэмдэглэл
2019-09-24

Намрын налгар шаргал өдрийн мэнд хүргэе. Сунайсан урт намар болж байна даа, сэтгэл тэнийтэл нар ээгээд л...Өнгөрөгч амралтын өдөр томилолтоор Сэлэнгэ яваад ирлээ. Албаны автобусаар сэтгүүлч нөхдийн хамт дөрөө жийсэн аян замын тэмдэглэлээ уншигч авхай танд дэлгэе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зуны турш Сэлэнгэ тийш сэтгэл тэмүүлсэн ч “Зам аймар” гэх яриа зориг мохоосоор байсан тул налгар намрын өдрүүд дуусахаас урьтаж түмнийг айлгасан замаар явж үзэхсэн гэхээс албаар шахуу томилолт өвөртлөөд Сэлэнгийг зорьсон юм. Очихдоо унтчихсан тул буцахдаа баахан сэгсчүүлсэн тухайгаа энд сийрүүлэх санаатай байна.

 

Бид Сэлэнгэ аймгийн Жавхлант сум буюу аймгийн төвөөсөө нааш 75 километрийн зайд орших буйдхан сумын төвөөс яг 17.00 цагт Улаанбаатар руу хөдөлсөн юм. Замын уртад унтаж нэг, уншиж нэг, дуулж нэг явлаа.

 

Дууллаа. Сэлэнгэ нутагт саатаад буцаж буй тул “Өргөн Сэлэнгэ” ойлгомжтой. Цаашлаад “Алтанхан буудай”, “Ургацын талбай” ч явлаа. Дууныхаа утгыг дагуулж цонхоор амуу тариа харъя уу гэхээр улаан шороо эргээстэй. Юун тариа буудай, дүнсийсэн саарал тал эл хуль, эзгүй. Бие хөнгөлөхөөр Хонгор сумын урдхан талд зогсоод буунгуут үнс мэт жижиг ширхэгтэй сул шороо хар гутлыг минь сааралтуулж тэр дор нь өнгийг сольчихож байна.

 

- Ёоох энэ сумын төвийн хүмүүсийн эрүүл мэнд хэцүүдсэн байхдаа  гэж хамт яваа нэг маань шогширч байна.

- Бараг бүх иргэн нь амьсгалын замын өвчлөлтэй, харшилтай болсон доо хөөрхий гэж бас нэг нь үг нэмж байна.

- Ээж ээ, энэ гутлыг ээ гэж өөр нэгэн нь харамсал тээвэл

- За чиний гутал ч дүүрчээ гэж жолооч ах тоомжиргүй хариулан тамхиа унтраагаад цааш хөдөллөө.

 

Унталт. Унтахын эцэсгүй дэржигнүүр замд дуулж явах нь дээр сонголт ч замын уртад ядрахын эцэст унчихаж.

 

-Яаая юу вэ гэх дуунаар толгой өндийвөл манай нэгний ижийдээ аваачхаар Сэлэнгээс авсан шилтэй цөцгий замын донсолгоонд  доош унаж хүн гэмтээх шахав.

 

- Зам аймар шүү. Хагарч, гэмтээх хүнд юм байвал доош буулгаарай хэмээн жолоооч зөвлөснөөр бүгд цүнхэн дэх зүйлсээ өвөр дээрээ авлаа. Тэр нь аминд өлзийтэй аж.

 

Хаана яваагаа барагцаалах санаатай цонхоор харвал харанхуй болжээ. Сааралтсан өтгөн харанхуй дундаас гэнэтхэн аваарын гэрлээ асаасан ганц нэгхэн машин гарч ирээд маш болгоомжтой зөрж өнгөрөх нь урагшлах тусам ямархан зам хүлээж байгааг бэлхнээ илчилнэ.

 

- Жолооч оо одоо хаана явна вэ

- Баруунхараа өнгөрч явна.

- Урьхан одоо хэд вэ?

- Болоогүй ээ.

 

Нэлээд яваад “Урьхан ойртож байна уу” гэвэл “Болоогүй ээ, унт унт” л гэж байна. Дахиад хэсэг явахад араас өөр нэгэн

 

- “Ах аа, Урьхан дээр ирж байна уу”

- “Болоогүй ээ. Та нар Урьханаар яг яах гээд байгаа хүмүүс вэ”

- Урьхан дээр оччихвол цаашаа хот ойрхон шүү дээ.

- Хцсс. Урьханаас цаашаа дахиад дөрвөн цаг явна. Хэдүүлээ бараг үүрэээр хот орно хэмээж жолооч ах баахан урам хугалав.

- Өмнө нь Урьхан дээр л оччихвол хот орлоо л гэсэн үг гэдэг байсан шт

- Зам сайхан бол цагийн л газар л даа

 

Дугхийгээд сэрвэл Урьхан бас л алга аа. Манайхан зарим нь хоол идэх гэж, өөр бусад нь хот орох гэж их л яарсан бололтой Урьханыг сурагласаар л. Тэгтэл урамгүй “Урьхан” ахиад л байдаггүй. Хөгжилтэй нэгнийхээ хөгтэй явдлыг сонсож хэсэг сатаарч явтал Урьханд ирлээ. Тэнд амсхийгээд цааш хөдлөв.

 

“Автобус хөдлөөд явахаар л хацар чичигнээд яг л тогонд залгачихсан юм шиг болоод байна” гэж араас дэржигнүүр замын хэцүүг дүрслэх гэж оролдов. Нээрэн замын дэржигнүүр огт дуусахгүй, дэржигнээд л, бид суудалдаа тогтох гэж дэнжигнэсээр сая нэг 61-ын гарамд ирж Дарханы “аймар” замыг дуусгаж Улаанбаатарын засмал замд нийлэхэд яг л өргөс авчихсан мэт санагдаж билээ. Уртын урт саарал замыг ард орхиж гэрэлтэй гэгээтэй хотын замд нийлэхүйд сая нэг уртаар амьсгаа авмаар болов.

 

Лав намайг Таван шарын автобусны буудал дээр буухад шөнийн 00.00 цаг хэдий нь болсон байлаа. Ийнхүү долоон цаг туулсан Дарханы замын тэмдэглэлээ өндөрлөе. Хэрэв Сэлэнгэ, Дархан чиглэлд ажил, аялал төлөвлөж буй бол галт тэрэг сонгохыг зөвлөе.

 

Бас Дарханы замын их бүтээн байгуулалт ид өрнөсан, шижигнэтэл ажиллаж буй хүн тэнд ховор харагдана лээ. Бид яахав, очоод л буцсан. Харин Сэлэнгэ, Дарханд амьдардаг иргэд их олон ирж буцалтгүй юм билээ. Зам тавигдтал нутагтаа л сайхан амьдаръя.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Зам:
Сар тэс
2019-09-24
бат:
монголчууд зам дэд бүтэц хэрэггүй ,мөнгөний гарз гэдэг.тэгээд алив дэ хэрэггүй байна уу.жаахан зовлонг нь бие машинаараа амсаад үзэхгүй юу.
2019-09-24
Нялхамсуу шаар вэ. хэдэн цаг шороон замын ая даахгүй байгаа ..юм бол . нүхэндээ хэвтэж бай. Сэлэнгэд Жаргалант гэж сум байхгүй.
2019-09-24
Zochin:
Melreg Enh-Amgalan bol mergejliin bus hun /mergejliin hun ch setgelgui, chadvargui bol adilhan/ ene ajlyg yaj barah bilee dee. Tegeed deerees ni chadvargui amitan. Saya ES Orhon aimagt ochson gesen zamynhaa ajlyn yavtstai taniltsaa bailgui, yamarhuu yavagdaj baigaa.
2019-09-24
зочин:
Бодлоггүй төр мэргэжлийн бус сайдтайн гай энэ дээ
2019-09-24