Оросын эрдэмтэд хиймэл мах гарган авчээ 
2019-09-24

 

 

Оросын эрдэмтэд лабораторийн нөхцөлд хиймэл мах гарган авсан бөгөөд энэ бүтээгдэхүүнийг 2023 он гэхэд худалдаанд гаргана гэж “Очаковскийн Хүнсний найрлагын үйлдвэр ”-ийн хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, судалгааны ажлыг хоёр жилийн турш хийсэн байна. Лабораторын нөхцөлд эхний ээлжинд 40 грамм мах гарган авахад 900 мянган рубль зарцуулсан байна. 


“Хиймэл махны эрхзүйн орчныг шийдвэрлэсэн нөхцөлд 2023 он гэхэд Оросын худалдаанд дотоодын хиймэл мах гарах бүрэн боломжтой. Өнөөдөр олон улсад хиймэл махны үнэж жижиглэн худалдан авагчдын хувьд ихээхэн өндөр байгаа бөгөөд нэг килограмм нь 90 доллар хавьцаа байна. Гэхдээ гурван жилийн өмнө л энэ махны 1кг нь 100-300 мянган доллар байлаа ” хэмээн “Очаковскийн Хүнсний найрлагын үйлдвэр ”-ийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


Энэ үйлдвэрийн шинжээчдийн тооцоолж байгаагаар таван жилийн дараа гэхэд хиймэл үхрийн мах 800 рубль /32000 төгрөг орчим/ болох гэнэ. 


Эрдэмтдийн онцолж байгаагаар хиймэл мах хүнд ямар ч аюулгүй, хадгалах хугацаа нь ердийн махнаас хоёр дахин урт байдаг аж. Хиймэл махыг “Абердин-ангус” гэх үүлдрийн тугалны булчингийн эдээс гарган авдаг байна. 


“Энэ махыг гарган авах явц дахь шийдвэрлэх асуудал нь орчны тохиромжтой найрлагыг сонгох явдал юм. Орчин нь эдийн хуваагдлыг дэмжихээс гадна бүтээгдэхүүнд бодит амт, шүүслэг байдал, өнгө, үнэрийг бий болгох ёстой. Хиймэл мах боловсруулж буй орчин нь энэ бүтээгдэхүүний хамгийн үнэтэй бүрэлдэхүүнүүдийн нэг бөгөөд энэ нь эдийг ургуулах өртөгт нөлөөлж байгаа юм” хэмээн “Очаковскийн Хүнсний найрлагын үйлдвэр ”-ийн  Ерөнхий захирал Александр Савков өгүүлжээ. 


Хиймэл мах гэж юу вэ? 

 

“Хуруу шилний мах” буюу хиймэл мах нь ургамлын уураг, бууцай эсвэл буудайгаас гарган авдаг цагаан хоолтнууд хүнсэндээ хэрэглэдэг дуураймал махнаас огт өөр, лабораторийн нөхцөлд эдийг ургуулах байдлаар гарган авдаг мах юм. Хэдийгээр энэ төрлийн мах 2018 оны байдлаар өргөн хэрэглээнд нэвтрээгүй ч гэлээ  энэ төрлийн туршилт, судалгаа олон оронд явагдаж байна. 


Хуруу шилэнд мах гарган авах орчин үеийн судалгаа нь сансарт сансрын нисэгчдийг удаан хугацаанд хүнсээр хангах төгс арга хайх гэсэн НАСА-ийн туршилтуудаас эхтэй. 2001 оноос эхлэн НАСА цацагт хяруулын эдээс хуруу шилэнд мах үйлдвэрлэх туршилтуудыг эхлүүлсэн байна. Энэ төрлийн туршилтыг Голланд, Нидерландын эрдэмтэд амжилттай хийж байв.


Мөн 2013 оны наймдугаар сарын тавны өдөр Маастрихтын их сургуулийн профессор Марк Постын тэргүүлсэн эрдэмтдийн баг гарган авсан 140 грамм хиймэл мах бүхий анхны гамбургерыг Лондонд танилцуулж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин