Индонез: Эмх замбараагүй байдал үүсгэсэн 300 хүнийг баривчлав 
2019-09-24


Индонезийн Папуа мужид даваа гаригт эмх замбараагүй байдал үүсч, 21 хүн амиа алдан, 60 гаруй хүн шархадсан хэрэг гарчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсгэсэн, оролцсонд сэжиглэн 300 гаруй хүний баривчилсан байна. 


“Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь Жаяпура дахь их сургуулийн оюутнууд. Цагдаагийнхан тэднийг нэг бүрчлэн шалгаж, даваа гаригт болсон үйл явдалд гүйцэтгэсэн үүрэг оролцоог тогтооно” хэмээн тус мужийн цагдаагийн газар мэдээлжээ. 


Индонезийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын бусад хотуудаас арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртсний улмаас Папуа руу эргэн ирсэн 300 орчим оюутныг Жаяпурагийн нэгэн их сургууль түр орогнуулсан байна. Нутгийн эрх баригчид тэднийг Вамэн хот руу шилжүүлэх шийдвэр гаргасан ч оюутнууд энэ шийдвэрийг эсэргүүцэн, улмаар цагдаа болон цэргийн албан хаагчид тэднийг их сургуулийн байрнаас хүчээр гаргасан байна. 


Гэрчүүдийн өгүүлснээр, Вамэнд оюутнуудыг хүргэсний дараа оюутнууд болон хууль сахиулах байгууллагынхны хооронд мөргөлдөөн гарч, нэг цэргийн албан хаагч, гурван иргэн амиа алджээ. Хэсэг хугацааны дараа Вамэн хотод эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид худалдааны цэгүүд, захиргааны байгууллагуудыг галдан шатаасны улмаас 17 хүн амиа алдсан байна. 


Энд дуулгахад, Папуа болон Баруун Папу мужуудад өнгөрсөн сараас эхлэн эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд үүний шалтгаан нь олон мянган уугуул иргэн Төв засгийн газар тэдний эсрэг ялгаварлан гадуурхсан бодлого явуулж байна гэж эсэргүүцсэнтэй холбоотой юм. Тэд төрийн байгууллагууд, дэлгүүр, зочид буудлуудыг сүйтгэн, өдөр бүр хууль сахиулагчидтай мөргөлдөж байв. Эдгээр бүс нутгуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс 6000 орчим цэргийн болон цагдаагийн алба хаагчийг илгээжээ.


Эсэргүүцэгчид мөн тусгаар тогтнолын талаар санал хураалт явуулахыг шаардаж байгаа юм. Энэ нь эдгээр бүс нутгуудыг Индонезээс тусгаарлах хүсэлтэй хилийн чанад дахь салан тусгаарлагчдын зохион байгуулсан үйлдэл гэж эрх баригчид үзэж байна. 

 


 

Shuud.mn
Сонин хачин