Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулахыг уриаллаа
2019-09-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахаар УИХ хэлэлцэж байгаа. Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулах асуудал сөхөгдсөн.  Мөн Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхийг батлах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийднэ.  Одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөс 80 хувь нь дэмжигдсэн бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан холбогдох төслөөс 20 хувийн парламент дэмжсэн билээ. Үүнтэй холбогдуулан хуульчид хэлэлцүүлэг өрнүүлж байр  сууриа илэрхийллээ. Хуульч О.Мөнхсайхан:

 

-Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гол асуудлууд дэмжигдсэн. 1992 онд баталсан Үндсэн хуулийн гол агуулга нь парламентын тогтолцоо. Энэ нь ардчиллыг хөгжүүлэх гол суурь болсон. 1992 оны Үндсэн хууль бол аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн үндэс болж чадна. Хүний эрх эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийг дээдэлсэн, дэлхийн өрсөлдөх чадвар сайтай эхний 30 улс бүгд парламентын тогтолцоотой байна. 2000 онд оруулсан 7 өөрчлөлтийн алдааг засах, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүдээс хөндөгдсөн сэдвийг судалж, иргэдийн саналыг уламжлалт болох орчин үеийн бүхий л талаар авсан, сонссон.

 

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал 27 жил хэрэгжээгүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал дэмжигдсэн. Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчилж болохгүй. Энэ нь тооцоо судалгаатай хөгжлийн төсөв батлагдах суурь тавигдаж байгаа юм. Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлийг дээшлүүлж байгаа юм. Мөн УИХ-д цөөнхийн гишүүдээс бүрдсэн Хяналт шалгалтын хороо байгуулж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шүүхийн хараат бус байх асуудлыг шийднэ. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй бол одоогийн хуулиа мөрдөөд явна гэсэн өмнө нь ойлголттой байлаа.  Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөчихөөд Үндсэн хуулиа баяртай гэж ноднин хэлээд,  одоо Үндсэн хуулийн амин сүнс болсон парламентын тогтолцоог баяртай гэж хэлж байгаа заналхийлэл гарч ирж байна. Хэрвээ өөрчлөлт батлагдвал парламентын тогтолцоог хариуцлагатай болгоно хэмээв. Хэлэлцүүлэгт оролцсон хуульчид “Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулж болохгүй” гэдгийг онцолж, зөвлөмж, уриалга гаргажээ. Үүнд:

  1. Холбогдон шалгагдаж буй хэргээр шалтаглан гэм буруу нь тогтоогдоогүй байхад гишүүдийг нь улстөрийн зорилгоор яллаж УИХ-ыг тараах явдал парламентын засаглалыг үгүйсгэн өнөө оршин буй төрийн тогтолцоог устгах санаархал болох учир гэмт хэргийг шалгах явц, хууль тогтоох үйл ажиллагааг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан тус тусад нь ялгамжтай явуулах;
  2. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуулиас тусад нь явуулах;
  3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Өвлийн хахир цаг эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 10-аас өмнө хийхээр нэн яаралтай товлон зарлах;
  4. УИХ тарвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гарах хууль тогтоомжийг батлан гаргах улстөрийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн хэрэг болохыг сануулан үүргээ ухамсарлаж, эхэлсэн ажлаа хариуцлагатай дуусгахыг тус тус уриалжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин