Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ уналаа

Хятадад коксжих нүүрсний үнэ сүүлийн саруудад тохиосон хамгийн бага түвшин хүртэл унасан талаар ВВС мэдээллээ. Ийнхүү үнэ унах шалтгаан нь Хятадад ган хайлуулах түүхий эдийн эрэлт багассантай холбоотой юм байна.
Өнгөрсөн мягмар гаригт Дальяны бирж дээр коксжих нүүрсний 2020 оны нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 3,8 хувиар буурч тонн тутам нь 175,33 ам.доллар болсон байна. Цаашлаад энэ уналт үргэлжилж, энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш тохиосон хамгийн бага түвшинд хүрчээ.
Энд дуулгахад,10 дугаар сарын эхээр БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхийн өмнө агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд Хятадын нийслэл Бээжин хотыг тойрсон хотууд ган хайлуулах үйлдвэрүүд, коксжих нүүрсний үйлдвэр болон бусад төрлийн үйлдвэрүүдийн эсрэг онцгой хязгаарлалт тавьсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Байгаль орчны яам мэдэгдэл хийхдээ тус улсын агаарын бохирдолтой тэмцэх кампанит ажлын хүрээнд намар, өвлийн халаалтын улиралд илүү өндөр шаардлага тавьж, агаар дахь хортой бодисуудын агууламжуудын үзүүлэлт өндөр байсан хотуудад хатуу зорилтот үзүүлэлт тогтооно хэмээн онцолсон юм.
Ийнхүү агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд олон үйлдвэрүүдийг хааж, үйл ажиллагааг нь хязгаарласнаас үүдэн эрэлт буурч, энэ онд Хятадад коксжих нүүрсний үнэ 30 орчим хувиар буурсанд нөлөөлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ