Ирэх онд цалинг 8 хувиар нэмэгдүүлнэ

Засгийн газар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийн төслийг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ.
Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах аж.
Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын бүртгэл, тайлагнал, төлөлтийг бүрэн цахимжуулж, татварын тайлангийн тоог бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгож эхлэх гэнэ. Мөн ирэх оноос иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулах аж.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Мөн Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм байна.
Шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын талбайн хэмжээ 8 дахин, өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо 4 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал 3 дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэх аж.
Төсвийн зарлагын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Үүнд:
- Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэх;
- 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх;
- Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох;
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх;
- Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргийг хөнгөлөх;
- Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;
- Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулна;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. Ингэхдээ Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2,074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1,296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал юм. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан. Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй аж.
Түүнчлэн 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлж, 159.8 тэрбум төгрөгт хүргэх юм байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны улсын төсвийн төслийг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү?
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Үр дүнгээ өгч байгаа. Цаашдаа хэрэгжээд явна. Үр дүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зарим хэсэг ОУВС-тай холбоотой худлаа мэдээлэл хийж байгаа. Бид ОУВС-тай яаж гэрээ хэлэлцлээ хийхээ мэдэж байгаа. БНХАУ, Япон, ОХУ-тай хамтарч ажиллаж байгаатай адилхан хамтын ажиллагаа. Монгол Улсыг хорлохоор үйл ажиллагаа явуулж байгаа зүйл тэнд байхгүй.
-“Оюутолгой”-н бүтээн байгуулалтын хоёрдугаар шат цаашид үргэлжлэх үү?
-“Оюутолгой”-н үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хуулийн дагуу шаардлагаа тавина, татвараа төлнө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ