Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ
2019-09-27

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.23-26-ны өдөр нийт 1286 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 868-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 9  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

2019.09.25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Дух толгой” гэх газар шороон замд DAEWOO-150 маркийн мотоцикл онхолдож, жолооч Р нас барсан.

 

2019.09.25-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн нутаг асфалтан замд Тоёото Приус маркийн автомашин онхолдож, жолооч Ш нас барсан.

 

2019.09.24-ний өдрийн 11:13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 39-р дунд сургуулийн урд автобусны буудал дээр Daewoo маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг хохироосон.

 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 20, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3  тус тус бүртгэгдсэн байна

 

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2,8 хувиар, гэмтсэн хүний тоо 52,3 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2 дахин ихэссэн бол нас барсан хүний тоо 25 хувиар тус тус буурсан  байна.

           

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин