Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлжээ
2019-09-30

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.28-29-ны өдөр нийт 531 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 364-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7

 

  • Мөргөлдөх хэлбэрээр 1

 

  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.09.28-ны өдрийн 17:48 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Партизаны замд Тоёота Приус маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн.

 

2019.09.29-ны өдрийн 17:00 цагий орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газар /Сумын төвөөс урагш 28 км/-т асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын 2 хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын 2 хүн гэмтсэн.

 

2019.09.29-ны өдрийн 16:30 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн нутаг Бамбар хорооны 2-р гудамжинд Тoyota progress маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насыг нь хохироосон.

 

Тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. МУ-ын ЗХД-ээс

 

Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх

 

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

 

Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.

 

16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

 

Тав. Явган зорчигчийн үүрэг

 

5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин