Ээлжит бус сонгууль явуулах нь эрх баригчдын ГАРЦ биш
2019-09-30

 

УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах талаар МАН-ын удирдлагуудын эрчтэй эхлүүлсэн яриа нийгмийн эсэргүүцэлтэй тулж, парламент дахь намын бүлгээсээ ч дэмжлэг авалгүй “унаж” байх шиг байна.

 

Арга ч үгүй юм, УИХ-ыг тараана гэдэг аль нэг эрх барьж байгаа намын удирдлагуудын сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэгддэг асуудал биш.  УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгуулийг хэзээ, хэрхэн явуулах нь нэг намын үзэмжээр бус улсын хэмжээний бодлогоор шийдэгдэнэ. Тэр байтугай дарга, удирдлага гээд дангаараа намын  их, бага хурлыг зарлан хуралдуулах, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өөрчлөх эсэхээ хугацаанаас нь өмнө гэнэт шийдвэрлэх эрх байдаггүй.

 

Тэр байтугай амин хувийн эрх ашгийн өнцгөөс харж,  өнөөдрийн цаг хугацааны тухайд эрх баригч хүчин даргын рейтэнг өндөр байгаа, ирэх жил эдийн засаг хүндхэн, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, намын рейтэнт сөргөөр нөлөөлнө” гэсэн тооцоог хийгээд УДШ-д бүртгэлтэй бусад улс төрийн хүчний саналыг үл тооцоолсон  шийдлийг МАН-ын төв аппаратаас гаргасан нь дэндүү гэнэн, алсын хараагүй шийдэл. Эндээс эрх баригч хүчний удирдлагуудаас юун улсын хэмжээний алсыг харсан шийдвэр хүлээх, тойрон хүрээлэгчдийнхээ  “аманд орж”, ваакумжсан улстөрчдийн эмгэнэл давтагдаж байна гэхээр. Тэгээд ч МАН-ын даргын рейтэнгийг өндөр  байгаа нь санал асуулгын дүн үү, судалгааны байгууллагын тооцоолол уу гэж эргэлзэхээр санагддаг.

 

Харин өнгөрсөн хугацаанд талцаж, одоо ч хагаралтай хэвээр байгаа УИХ дахь МАН-ын бүлэг энэ удаад “УИХ-ыг тараах, ээлжит сонгуулийг явуулах” намын аппаратынхаа шийдвэрийг шүүмжилж, олонхиороо санал нэгдэж чадсан нь сайшаалтай. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргах нь МАН-ын нэр хүндийг унагаад зогсохгүй парламентат засаглалын бүхэлд нь ганхуулна гэдгийг УИХ-ын гишүүд, улстөрчид тооцоолсон. УИХ-ын гишүүдийн тухайд наанадаж сонгогчдынхоо нүүрийг яаж харж, юу хэлэх юм бэ гэсэн асуудалтай нэн тэргүүн тулгарна. Ер нь ямар нүүрээрээ МАН дараагийн сонгуульд өрсөлдөх вэ?

 

Үүнтэй зэрэгцээд төрийн тэргүүний Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих эсэх санал хүчтэй яригдаж, улстөржилт ч үргэлжилнэ. Үндсэн хуулиа мөрдөж байгаа улс үүрэг гүйцэтгэгч парламенттай байх нь төрийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. УИХ-ын ээлжит бус чуулганаар гишүүд хуралдаандаа хэр оролцдогийг билээ. УИХ-ын ээлжит бус сонгуулийн хугацаанд парламент ирцээ дөнгөж бүрдүүлэх төдий л асуудлаа хэлэлцдэгээс бус гишүүд  идэвх ээлжит чуулганыхаас эрс буурдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа өнөөдрийн ээлжит бус чуулганаас ч үүнийг харж болно.  Ирц бүрдээгүйгээс хэдэн ч удаа хэлэлцэх асуудал хойшлов. УИХ-ын дарга ирцээ бүрдүүлэх гэж бүтэн долоо хоногт хугацаа хойшлуулан зарлаад ч тусыг эс олдог. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гишүүд томилолттой гэж шалтгаанаар мөн л төлөвлөсөн хуваарь хойшлогдсон. Энэ долоо хоногийн тухайд намрын ээлжит чуулганы хугацаа тулсан учир ирцээ бүрдүүлж, хурлаа хийхээс гарцгүй цаг хугацааны хайчилбарт орсон.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа энэ 7 хоногт дуусгавар болно. УИХ хүлээж авах эсэхээ шийдээд дараагийн алхамдаа орох юм.

 

Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр асуудлаа хэлэлцээд явах биз. Эс тэгвэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бүхэлдээ нурахаар байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулахыг МАН эсэргүүцлээ гээд сөрөг хүчин АН   улс төрийн тоглолтоо үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгч ч хориг хүлээж авсан гэж эрх баригчидтай зөвшилцлөө үргэлжлүүлнэ гэвэл эндүүрэл. Нэгэнтээ ээлжит сонгуулийн жил дөхсөн энэ үед хувийн тоглолтоо эрчимжүүлнэ.

 

Тэгээд ч УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нь эрх баригчдын хариуцлагаас мултрах, уснаас хуурай гарах гарц биш. УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 30-ныг хүртэл сунгасан.

 

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар бол өнөөдөр УИХ-ын ээлжит бус сонгуулийг хаахаар байгаа. Харин ээлжит бус чуулганыг хаахын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах  товыг зарлах тунхаглах, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэх нь одоогоор бүрхэг байна.

 

Эдүгээ парламент дахь бусад улс төрийн хүчинтэй зөвшилцсөн ч, эс зөвшилцсөн ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө үргэлжлүүлэн хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгаа явуулахаас өөр гарц ирэх баригчдад үлдсэнгүй.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин