Б.Амгаланбаатар: ХАБ зөрчигдсөнөөс цэргийн алба хаагч амиа алдсан
2019-09-30 13:27

Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангид байлдагч нас барсан тухай ЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодорхой мэдээл өгөхгүй юу?

 

-Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариунууд гараагүй. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч н.Баяртулга ахалж явсан бөгөөд миний мэдэж буйгаар өвс ачсан машин дээр сууж явахдаа замын донсолгооны үед унасан байх магадлалтай гэсэн дүгнэлт байна. Харин бусад дүгнэлт эцэслэн гараагүй учраас хэлэх боломжгүй.

 

-Хадлан хураах ажилд Зэвсэгт хүчний анги салбар оролцуулах шийдвэр байдаг юм уу?

 

-Улс орныг хамарсан бүтээн байгуулалтын ажил цаг үеийн арга хэмжээ, аж ахуйн ажилд цэргийн анги салбарын ажлыг алдагдуулахгүйгээр оролцуулж болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамтай. Энэхүү журмынхаа дагуу цэргүүд зэвсэгт хүчний нөөцийн сүргийн хадлан бэлтгэх ажилд явж байгаад ийм осол гарсан. Дүрмийн дагуу тухайн үед ангийн захирагч тушаал гаргаад ажиллуулсан юм билээ.

 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнтэй холбоотой тухайн удирдан ажиллуулж байсан албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцсон уу? Энэ талаар? 

 

-Тухайн үед өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн. Тиймээс тухайн үед хариуцан ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилж дүгнэж байгаа. Тухайн 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий бид хоёрыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэй ийм осол болсон гэдгээр Жанжин штабын даргын тушаалаар, Хуурай замын цэргийн командлалын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.

 

-Цаашид энэ тал дээр яаж анхаарч ажиллах вэ?

 

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд бидэнд сахилгын арга хэмжээ авсан. Улс орны хэмжээнд тур дундаа энэ жилийн хувьд хур бороо ихтэй, ургац арвинтай байгаагийн үүдээд энд тэнд аж ахуйн нэгж байгууллагууд дээр ажиллаж буй цэрэг олон бий. Энийг бид цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах бүх чиглэлээр нь үүрэг даалгавар өгсөн. Зарим газруудад шалгалт хийсэн байгаа. Амиа алдсан алба хаагчын оршуулгын тэтгэмж мөн “Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хууль”-д заасны дагуу ахлагчийн цалинг 5 жилийн дунджаар тооцож ар гэрийнхэнд олгосон.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ цэргийн дарга нэртэй сэтгэлгүй хүнлэг бус сандалын бөглөөснүүд цэрэг эрсийн амиар ,амьдраад идээд сууж л байг уу,ерөнхийлөгчөө
2021-04-11
Цэрэгээр ажил хийлгэх буруу шүү дээ
2019-09-30
зочин:
TSEREG NAS BARAAD L ... GENERAL MEDEELEL HIIGEED L ... ENE HUN AJLAA HIIJ BNA GEJ OILGOH UU8
2019-09-30
Үнэн үг:
Машин дээр уначихгүй суугаад явж чадахгүй байж улс орноо яаж хамгаалах вэ дээ. Нийтээрээ байгаа байдалдаа дор дороо л шүүмжлэлтэй хандахгүй бол. бүхэл бурууг бусдаас хайдаг болж дээ бид.
2019-09-30
зочин:
Дандаа ингэж хоосон нэр төр бодож дутагдал доголдлоо нууна. Бидний буруу гээд хэлчих зориг байхгүй. Хоосон нэр төрөөс хүний амь хямдхан байж болох уу.
2019-09-30
арай ч дээ:
хүний амь 60 сарын цалинтай тэнцүү юм уу
2019-09-30
irgen:
tegsen baih ingesen baih geed yariad suuj bolj baigaa umuu ???? medeejiin hereg zereg ganzaaraa baigaagui ni oilgomjtoi todorhoi umiig eldev um yariad suuj bolohuu ???? shyyh emnelgiin hariu ch geh shig,...
2019-09-30