МАН-д итгэл авчрахгүй “Итгэлийн зээл”
2019-10-03

2020 оны сонгууль болоход найман сарын хугацаа үлдлээ. Хэдийгээр хугацаа давчдаагүй ч улс төрийн намуудын сонгуулийн шоу аль хэдийнэ эхэлжээ. Намууд хийх, хийсэн ажил гэж нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ сонгууль угтсан шоу гэдэг нь тодорхой харагдана. Сонгуулийн дөрвөн жилд хийгээгүй ажлаа ирэх сонгуулийн өмнөхөн эхэлж байгаа нь угталтын шоу гэж харагдахаас өөр яалтай билээ.

 

Үүний нэгэн жишээ нь МАН-ын гишүүдийн өргөн барьсан Итгэлийн зээлийн төсөл. Хэдэн сарын өмнө тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард МАН-ынхан Итгэлийн зээлийн тухай эхэлж дуугарч, учир мэдэх хүмүүсийг эгдүүцүүлж байлаа. Таван сар хав дарсан хуулийн төслөө өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Итгэлийн гэж нэрлэсэн зээл олгох хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар санаачилсан гэнэ.

 

 

Тэд иргэдэд сонгуулийн амлалтын дэнчинд 20 сая төгрөг тавилаа. Урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл гэсэн тодотголтой. Магадгүй бэлгэдэл биз, 2020 оны сонгууль учраас 20 сая төгрөг гэж нэрлэе хэмээн даапаалсан байж ч болох.

 

Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа учраас энэ төслийг санаачилсан аж. Тэгвэл ийм зорилготой ЖДҮХС-гийн зээл яалаа?! Салбарын сайдаасаа эхлээд УИХ-ын гишүүд нь хувааж авчихаад, өнөөдөр гэмгүй царайлж, ичих нүүргүй суугаа. Дахиад МАН-ынхан ар өврөөрөө хуваагаад авчихвал яах вэ?! Ах дүүдээ, эхнэр нөхөртөө авч өгчихөөд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт үйлдлээ “Би ч гэсэн хүн” хэмээн хаацайлбал яавал дээр вэ? Хуулийн төсөл санаачилсан гишүүд хуулийн хариуцлага ярих юм уу.

 

Итгэлийн зээл гэх энэ мөнгө тараалт үнэн хэрэгтээ МАН-д үнэлгээ авчрахгүй. Гурван сая хүнд зориулагдсан зээл хэмээн халхавчилж байхаар 2020 оны сонгуулийн угталтын мөнгө тараалт гээд нэрлэчихвэл ард түмэнтэй илүү амар ойлголцоно. Угаас мэдэх ёстой хүмүүс нь энэ зээл гэх мөнгө тараалт юунд зориулагдсан, ямар утгатайг хангалттай мэдэж буй. Дээр нь эдийн засагчид Итгэлийн зээл гэх энэ мөнгө иргэдэд тус нэмэргүй, эдийн засагтаа халгаатай ажил гэдгийг хангалттай хэлээд өгнө.

 

2020 оны сонгууль ойртсоныг хэн хүнгүй анзаарч байна. Угаас дөрвөн жилийн хугацаанд сандал ширээний хэрүүл, ар өврийн хаалгын идэш уушнаас өөр юу ч хийгээгүй эрх баригчид үлдсэн багахан хугацаанд хор уршиг тарихгүй шиг өнгөрөөчихвөл сайн. Өнгөрсөн сонгуулийн амлалтаа ирэх сонгуулийн угталт болгоод ч ард түмэн тавих ёстой дүнгээ тавина.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн:
Тэр зээл чинь бидэнд олдох ч үгүй хэраг ч үгүй та нар зайлаад өг төрөөс
2019-10-04
ИРгэн:
МАН-ы хулгайчууд дахин гарч ирэхгүйгээ мэдээд ард түмнийг ийм зээл маягийн юмаар хахуульдах гэж байна. Энэ хулгайчуудад дахин итгэл бүү үзүүл.
2019-10-03
Сайхан амьдрал:
Энэ зээл ард түмэнд хэрэггүй э харин ипотекийн зээлийн 8 хувийн хүүг буулгачих,мөн тэтгэврийн зээлийн хүүг буулгалаа гэсэн атлаа өмнө авсан зээлд хамаарахгүй гэжээ. Үүнийгээ өөрчилж өмнө авсан зээлийн хүүг нь буулгачих.
2019-10-03
Болд:
Энэ зээл яг ЖДУ шиг л юм болно. Улсад ямар ч ашиггуй. Жинхэнэ хэрэгтэй хунд хурэхгуй . Санаачлагч нар нь харин ч баячууд байна шуу. Харин та нар наад зээлээ хувиасаа гаргачих тэгвэл та нарыг 2020 онд УИХд гаргая
2019-10-03
их хурлын гишүүн их л таалагдаж байгаа юм байна нэг бол хийсэн булхайгаа аврах нүүдэл гэдэг нь тодорхой
2019-10-03
irgen:
ichih nyyree barsan ta nar boliochee ta nart hen itgej songoh um be , zailzgaa
2019-10-03
Iim teneg zeal mgl d l bna
2019-10-03
э\з:
сонгогчдын саналыг хахуульдан авч дараагийн 4 жил төрийг сандайлахын тулд эд нар яахаас ч буцахгүй болжээ...
2019-10-03
popuud:
iimerhuu uls orniig dandaa suiruuldeg ard tumniig huursan tusul sanaachildag gishuudiig dahin songohgui bh heregetei
2019-10-03