Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох саналыг хүргүүлсэн байна. Бригадын генерал Д.Ганзориг зэвсэг хүчинд тасралтгүй 29 жил алба хааж байгаа. Энэ нь холбогдох хууль тогтоомжийн болзлыг хангаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг хариуллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-ЗХЖШ бол улс орны өмнө батлан хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах ёстой. Зэвсэгт хүчний анги салбарын өдөр тутмын бэлэн байдлыг хариуцна. Төрийн цэргийн бүрэлдэхүүнд орж байгаа бэлэн байдал, уялдаа, хамтын ажиллагааны хуваарилалт зэрэг бүх зүйлийг хариуцаж байгаа. Жанжин штабын дарга цэргийн удирдлагын өндөр боловсролтой байх ёстой. Энэ шаардлагыг хангаж байна, нэр дэвшигч. Шинэ, залуу бэлтгэгдсэн офицерт итгэл хүлээлгэж байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Олон чиглэлээр ажилласан хүн байна. Ажлаа шууд эрхлээд явах боломжтой боловсон хүчин байна. Өмнө нь ажиллаж байсан хүн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна. Төр зарсныхаа төлөө эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй. Цэргүүдээ удирддаг дарга нар эх орны өмнө бэлэн байх ёстой гэдгийг хэлэх ч цэргүүдээ хайрлах сургалтын асуудал хэрэг болжээ гэж харж байна. Улсын батлан хамгаалах салбарын нөөц байгаа. Гадаадад болсон арга хэмжээнд энэ хүмүүс Монголын нэр хүндийг авч гарч байгаа. Үүнийгээ улам сайжруулах хэрэгтэй. Залгамж холбоо хэрэгтэй байна. Сүүлийн үед төрөлт буурсантай холбоотой айлууд нэг, хоёр хүүхэдтэй. Ах нь сургадаг арга хэмжээ орхигдоод байна. Тиймээс энэ чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.
БХ-ын сайд Н.Энхболд:
-Цэргийн удирдлагын дээд байгууллага нь зэвсэгт хүчний жанжин штаб. Хуулиараа томилдог хүн нь Зэвсэгт хүчний Ерөнхийлөгч. Д.Ганзориг генералын хувьд шалгуур хангасан, хариуцлагатай ажиллаж чадна гэж үзэж байна.
Ийнхүү ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ