О.Нарантуяа: Төр ард түмнээ боддог л юм бол намайг дэмж

Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн, 1990-ээд оны зах зээлийн хүнд хэцүү нийгмийн үед ажилгүй, орлогогүй болсон өрх толгойлсон эмэгтэй өнөөдөр /2019.10.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, төр засгийн удирдлагуудад үг дамжууллаа.

Иргэн О.Нарантуяа 28 жилийн турш гудамжинд дуулж амьдралаа залгуулж өнөөдрийг хүрчээ.
Тэрбээр "Би зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Хоёр ихэр хүүхэд бий. 1991 онд нөхөр минь хүний гарт амиа алдсан. Тухайн үед хүүхдүүдийн маань бага нь ой гарантай, том нь дөнгөж л 11 настай байлаа. Ажиллаж байсан газар маань 1994 онд дампуурч үүд хаалгаа барьснаар би ажилгүй, орлогогүй болсон. Үүнээс хойш би 20 жилийн турш ямар ч орлогогүй цагийн хүндийг туулж ирсэн.
Үр хүүдээ тэжээн тэтгэх надад туйлын хүнд байлаа. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс даяар хүүхдүүд олон олноороо сургуулиас завсардаж гудамжинд гарч байсан. Би хүүхдүүдээ гудамжинд гаргаагүй ч туйлын хүнд амьдарч байсныг орон нутгийнхан маань мэднэ. Хүүхдүүд минь өвлийн хүйтэнд хөл нүцгэн гүйж байсан тул сургуулиас завсардаж эхэлсэн. 1990-ээд оны эхэн үед дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг улсад 20 жил ажилласан бол нөхөн олговор өгнө гээд хүчээр тэтгэвэрт гаргаж байсан үе. Миний ажилласан жил 16 жил байсан тул би огт тэтгэвэрт хамрагдаж чадаагүй, нөхөн олговор олж аваагүй.

Амьдрахын тулд 1997 оноос хүүхдүүдтэйгээ хамтраад уран бүтээл хийж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотдоо тайлан тоглолтоо хийсэн. Ийнхүү цагийн хүндийг эс дийлэн явтал ууган охин минь 2003 оноос өвдөж байгаад хэвтэрч орчихсон. Унаж татдаг болсон. Сэлэнгэ аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхад бамбайн гүн хордлогод орсон, найдваргүй гэдгийг хэлсэн. Охиноо аваад улсын төв нэгдүгээр эмнэлэгт ирсэн ч мөн л найдваргүй гэсэн.
Гэвч гудамжинд тоглодог байсныг нь мэддэг ард түмний сэтгэлийн хандиваар охин минь хөдөлмөрийн чадвараа 70-80 хувь алдсан ч өнөөдөр амьд сэрүүн байна. Охин минь их сайхан дуулдаг. 2018 онд "Хөгжлийн жигүүр" гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан тэмцээнд оролцож гала тоглолтод оролцож байсан. 11 дүгээр ангийн сурагч охин маань бас их сайхан дуулдаг. Бид хамтдаа гудамжинд дуулдаг.
Гэхдээ би алдарт эх хүн. Гэтэл яагаад гудамжинд, цагдаад хөөгдөөд эсвэл архичдад дээрэлхүүлж хорвоог барах ёстой вэ. Одоо би 61 нас хүрлээ. Бөөрний архаг үрэвсэлтэй. Хэзээ ч гудамжинд унаад өгөхөд бэлэн байна. Тийм учраас өнөөдөр төр, засгаасаа намайг дэмжээч гэж хүсч байна. Төрийн гурван өндөрлөгөөс хүсье. Төр ард түмнээ боддог л юм бол өнөөдөр намайг дэмжмээр байна" гэлээ.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ