МАН амлалтаасаа ухарч, Үндсэн хууль байрандаа үлдэх үү
2019-10-04

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хуульзүйн үндэслэлгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлалаа.  Өнөөдрийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ гишүүдийн 3/2 буюу 58 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн санал өгвөл дэмжигдэнэ.

 

МАН-ын бүлгийн шийдвэр Төрийн байгуулалтын байнгын хороогоор унаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах дүгнэлт гаргасан бол Хуульзүйн байнгын хороо хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Үүгээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд эрх баригчид зөрчилдөж байгааг илтгэнэ.  

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүн өргөн барьсан. УИХ-ын чуулган ирцээ бүрдүүлж эхлэх ч хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөл оролцохгүй. Тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөлд өөрсдийнх нь санал туссангүй хэмээн шүүмжилж, харин Ард нийтийн санал асуулгыг явуулахыг шаардаж байсан. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар сөрөг хүчинтэй уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг эрх баригчдын шийдэх асуудал гэж УИХ дахь АН-ын зөвлөл үзэж, шийдвэр гарсны дараагаар зөвшилцлөө үргэлжлүүлнэ гэдэг байр сууриа илэрхийлээд байна. Хэрвээ ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, бие даагч гишүүн С.Жавхлан, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар хуралдаанд оролцохгүй бол эрх баригчид дангаар хоригийг хэлэлцэн шийдвэрлэх нь.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож, шийдвэр гарсны дараа үг хэлэх магадлалтай. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч тааллаараа оролцох эрхтэй.

 

Нөгөө талаас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотор ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжиж байгаа хэсэг бий. Тиймээс хоригийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-ын дэмжлэг авахгүй бол улс төрийн дараагийн нөхцөл үүснэ. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нөхцөлд Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ гуравдугаар хэлэлцүүлгийг хийж батлах нэг хувилбар бий. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно. Хэрвээ чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй шийдвэр гаргавал Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол хүчинтэй хэвээр үргэлжилнэ.  Гэвч үнэмлэхүй олонхи эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөс болж үүсэх улс төрийн эрсдэлээс хамгийн их болгоомжилж байгаа.

 

Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулах нь эрх баригчдад халтай. Дангаар явуулах ард нийтийн санал асуулгад 30 тэрбум төгрөг төсөвлөсөн нь эдийн засгийн хямралтай энэ үед нийгмийн шүүмжлэлд өртөөд байгаа. Нийгмийн шүүмжлэлийг эс тооцож Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд сонгогчдын ирц хүрэхгүй байх дараагийн асуудалтай тулгарч байгаа. Энэ хоёр үндэслэлээр  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулах талаар ч эрх баригчид хэлэлцсэн юм билээ. 

 

Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд хэлэлцүүлгийг тасралтгүй явуулах заалттай. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоор энэ журам үйлчлэхгүй гэсэн тайлбарыг МАН-ын бүлгийн дарга хэлж байсан. 

 

МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс ч хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаа онцолж байгаа. Хэрвээ Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулна гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалтаасаа ухарсанд тооцогдоно. Учир нь дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулгын үр дүнгээс үл хамаарч, өөрсдийн шийдвэрээр  шинэчлэн хэлэлцэнэ. МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өмнөх парламентад хэрэгжүүлж чадаагүй амлалтаа дахин тусгалаа ч олонхи болох эсэх нь эргэлзээтэй. Эрх баригчид ирэх сонгуулиар  ажлаа дүгнүүлнэ.

 

Цаашлаад Ерөнхийлөгч хоригийг нь хүлээж авах эсэхээс хамаарч дараагийн улстөржилтдээ хэдийнэ бэлтгэсэн байгаа. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжүүлэх өөрийн саналаа энэ удаад ч нийгэмд илүүтэй хүргэхээр зорьж, сценариа хэд хэдэн хувилбараар гаргасан байж таарна.

 

Ийнхүү үнэмлэхүй олонхи МАН  бүрэн эрхээ эдэлж чадахгүй “чонын амнаас барын аманд” гэгчээр Ерөнхийлөгчийн “занга”-нд орж,  нийгмийн эсэргүүцэлтэй тулж,  зорилгоо биелүүлэх нүүдэлгүй болоод байна.

 

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт парламентын босгыг давсан ч батлагдахгүйгээр гацаж, байрандаа үлдэх  магадлал өндөр байгаа юм.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Эрдэмтэн:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-10
Иргэн:
Зүгээр л орхи. Тэртэй тэргүй ирэх сонгуулиар ард түмэн олигтой дүн тавихаасаа өнгөрсөн. Хоригоор шалтаглан орхисон нь дээр. Уул уурхайгаа муучлахаа ч больсон нь өлзийтэй шүү?! Тэгэхгүй бол улсаа тэжээж, тэтгэж байгаа ганц салбараа татаж унагаах нь байна. Завхан, Хэнтийн Засаг дарга нар шиг нутгийнхандаа таалагдаж байж ирэх сонгуулиар Их хуралд санаархаж буй хөлдүү толгойтнууд улсын эдийн засгийг нугаслах нь. Манай улс Аялал жуулчлалаар хэзээ ч, бүр хэзээ ч хөгжихгүй. Дэлхийн хаана ч байдаг л нэг байгаль. Худлаа гэвэл Шар айргийн Ганхүүгээс асуу
2019-10-05
иргэн:
Үндсэн хуулийн өөрчлөлтөө орхи. Уулаасаа наадах чинь ЖОНХУУ ажиллагаанд өртсөн. Одоо хэрэггүй, орхи.
2019-10-04
Иргэн:
Үндсэн хуулиа зүгээр л тайван орхисон нь өөрсөд чинь ч өлзийтэй бус уу
2019-10-04