С.Эрдэнэ: Эрх баригчид өөрийгөө магтан дуулах тархи угаалтыг явуулж байна
2019-10-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат нар хариуллаа.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Эрх баригчид эхнээсээ индэр ашиглаж өөрийгөө магтан дуулах, олон нийтэд таалагдах тархи угаалтыг өргөн цар хүрээтэй явуулж байгааг харж байна.  2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбогдож хоёр асуулт тавья. 

 

Монгол Улсын нэгдсэн төсөв 2018 онд 27,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухай ам мэдэн өөрсдийгөө магтаж байна. Хэнд ч сайхан сонсогдох нь аргагүй. Гэхдээ энэ бол цаасан дээр гаргаж байгаа дансны зөрүү болохоос бодитой гарсан ашиг биш болохыг Үндэсний аудитын газрын тайлангаас тодорхой харагдаж байна. Уг тайлангийн 12-р хуудсанд “Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас нэг их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөхсөн тухай бичсэн байна. 2018 он манай зах зээлийн хувьд таатай он жил байсан. Яагаад ийм хэмжээний зээл авсан юм бэ. Төсвийн давсан орлогыг хэн юунд зарцуулсныг УИХ асуухгүй тойруулж, бүдгэрүүлж өнгөрүүлэхийг оролдож байна. Төсвийн төлөвлөсөн зардлыг 700 тэрбум төгрөгөөр хэмнэсэн, төлөвлөсөн орлогоо хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, алдагдал нөхөх зорилгоор 1,3 их наяд төгрөгтэй тэнцэх гадаад зээл авч ашигласан тухай дахин сануулъя. УИХ татвар төлөгчдийн давуулж төлсөн хоёр их наяд төгрөгийн төсвийн орлогыг юунд зарцуулсныг Засгийн газраас нарийвчлан асуух ёстой хэмээв. Үүнд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Олон улсын аргачлалаар бодож гаргаж ирдэг. Энэ бол бодитой зүйл. Хүн хуурч, өөрсдийгөө магтах зориулалтай гаргадаг тоо биш. Төсвийг ашигтай гаргахад голлож нөлөөлсөн зүйлүүд нь эдийн засгийн идэвхижилт сайн явагдлаа. Аж ахуй нэгжүүдийн төлөх татвар нэмэгдэж байна. Дампуураад хаалгаа хааж байсан аж ахуй нэгжүүд хаалгаа нээгээд өрөө төлөөд явж байгаа.

 

Гадаадын зээл авч төсвийн алдагдлыг нөхсөн гэж ярьж байна. Харин эсрэгээрээ яригдана шүү. Гаднаас авсан зээл бол зөвхөн зардал дээр бүртгэгдээд явдаг. Дараа нь төсвийн доодох тэнцлээс эргэж санхүүжигдэж явдаг. Гаднаас авдаг зээл гэдэг нь шинэ нисэх онгоцны буудал, аймаг, орон нутгууд хоорондох замууд гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулагдаад явсан гэсэн үг. Зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн асуудал байхгүй. 2018 онд нэг ч долларын гоё гоё нэртэй бонд гаргаагүй. Арилжааны банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар 7,5 их наяд төгрөгийн өр буцааж төлсөн. Таны асуулгаар бүх тоог хүргүүлсэн" гэдгийг хариултдаа онцоллоо. 

 

Ингээд гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах санал хураалт явуулав.  Гишүүдийн 67.9 хувийн саналаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин