“Мазаалайнууд” Дээд лигт дэвшихээр болов
2019-10-07

 

 

Хөлбөмбөгийн Үндэсний "Мазала 1-р лиг"-ийн 2019 оны улирал өчигдөр амжилттай өндөрлөлөө. Дөрөвдүгээр сарын 28-нд анх эхэлсэн тус лигт багууд тус бүр 18 тоглолт хийсний эцэст аваргаар “Жипро” баг тодорсон юм. Тэд мөн лигийн хоёрдугаар байрт шалгарсан "Улаанбаатарын Мазаалайнууд" клубийн хамтаар МХБХ-ны Дээд лигт дэвших эрхээ биелүүлэв.

 

Сүүлчийн тоглолтод хэдийгээр “Ховд” багтай 1:1-ээр тэнцсэн ч Ц.Энхболдбаатар дасгалжуулагчтай "Улаанбаатарын Мазаалайнууд" клуб лигийн мөнгөн медаль, Дээд Лигийн эрхийн хамт хүртжээ. Тус лигийн тэмцээнд “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб нийт 18 тоглолт хийснээс  11 тоглолтод нь хожиж, 4 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд шалгарахдаа 48 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, 19 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Лигийн шилдэг хаалгачаар Б.Буддорж (Улаанбаатарын Мазаалайнууд), шилдэг хамгаалагчаар О.Очбаяр (Ховд), шилдэг хагас хамгаалагчаар А.Мөнх-Оргил (ДМЮ), шилдэг довтлогчоор 27 гоол оруулсан Б.Намсрай (Соёмбын Барсууд) нар тодорсон юм.

 

 

Дашрамд дурдахад “Мазаалайнууд” клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирсэн билээ. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 

Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга

Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч

Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа

Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд

Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

 

Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
tuvshinbayar:
цэнгэлд баяр хүргэе. Энхболдбаатар ахтай чи энэ улирлаах маш их ажил хийж том амжилтанд хүрсэн байна.
2019-10-07