МАН: Шадар сайдын мэдээллийг сонсож, буруутай этгээдэд хариуцлага тооцох чиглэл өглөө
2019-10-07

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

 

-Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авлаа. Одоо хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийх. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Зөвшилцлөөр асуудлыг шийднэ. 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартсан талаар Шадар сайдаас мэдээлэл сонслоо. Бүлгийн зүгээс ЗГХЭГ-аас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн гэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, амиа алдлаа. Засгийн газарт хариуцлага тооцох уу?

 

-Өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараагаар буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина.

 

-МАН Ард нийтийн санал асуулга байр суурь дээрээ хэвээр байгаа юу?

 

-Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээр байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан. 

 

-Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах вэ?

 

-Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин