Сагсан бөмбөгчид Дохаг зорино
2019-10-09

 

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катарын Доха хотноо зохион байгуулагдах билээ. World Beach Games-д 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө.

 

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав, багийн тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдсон байна. Манай сагсан бөмбөгчид энэ бүрэлдэхүүнээрээ U23 насны ДАШТ-д оролцоод эх орондоо ирсэн бөгөөд маргааш (аравдугаар сарын 10-нд) Дохаг зорин нисэх юм.

 

Мөн Монгол Улсаас триатлоны спортын олон улсын шүүгч Б.Цагаанбаатар Олон улсын триатлоны холбооны томилолтоор Дохад ажиллах болжээ.

 

Өнөөдөр Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол болж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцон баг тамирчдад амжилт хүсэв.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин