Нийслэлийн агаар угаарын хийгээр бохирдсон уу
2019-10-09

Угаарын хийнд хордсон иргэдийн гэрт байсан шахмал түлшнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарсныг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн танилцууллаа.

 

Дүгнэлтэд “тухайн дээж нь сайжруулсан хатуу түлш MNS-56 79/2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн хэрэглэж буй сайжруулсан түлш нь Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлагдсан орц нормын дагуу үйлдвэрлэгдэж, зах зээлд гарсан гэдгийг шинжилгээний дүгнэлтээр баталгаажуулжээ. Одоо хэрэглээ чухал гэдгийг хяналтын байгууллагынхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар 15 715 өрхөд сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх тухай зөвлөмжийг өгчээ.

 

 

Тэгвэл агаарт дэгдэж буй утаа хортой юу? Энэ асуултад нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн тодорхой хариулт өгсөнгүй. Тэрбээр стандартын дагуу гэр хорооллын утааг тогтмол хэмждэг, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбогдуулан хэмжилтийг хийсээр байгаа гэсэн ерөнхий мэдээлэл өглөө.

 

Улаанбаатар хотод орчны агаарыг хэмждэг суурин 12 станц бий. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станцууд ажилладаг. Явуулын болон суурин станцууд агаар дахь угаарын хий, азот, хүхрийн исэл, тоос тоосонцорыг тасралтгүй 24 цагаар хэмждэг. Энэхүү станцууд нь стандартад заасан бодисуудыг хэмждэг. Өөр бодисуудыг хэмжих боломжгүй юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
12 станцын дийлэнхийн нь мэдээнд нүүрстөрөгчийн дутуу ислийн өгөгдөл алга байна. Зориуд бичихгүй байна уу, эсвэл хэмжилт хийхгүй, тоог нь нуун дарагдуулсан байна уу???
2019-10-09