Монголын баг түүхэн тоглолтын өмнө
2019-10-10

 

Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Япон улсын шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох болно. “Сайтама 2020” цэнгэлдэхэд явагдах тус тоглолтыг 50 мянга гаруй хүн үзэх тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байх нь ээ.

 

 

Өчигдөр тус тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл явагдаж, хэвлэлийн бага хуралд Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцлоо.

 

 

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр:

 

- Би 2000 оны эхээр Япон улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг солиод байхыг хүсдэггүй. 2 жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна.

 

Наран улсад өөрийн нэрийг мөнхөлж сүмогийн дэвжээг донсолгосон ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж мөн энэ түүхэн тоглолтыг үзэх бөгөөд энэ нь залууст урам зориг өгөх эсэхийг сэтгүүлчид ахлах дасгалжуулагч Вайссаас тодруулахад:

 

- Тэр бол энэ цагийн домог. Түүнийг зорин ирж тоглолтыг үзэх гэж байгаад баяртай байна. Мэдээж энэ эрхэм манай залууст урам зориг өгөх болно гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин