Автобус №16: “Нүүрс түлүүлэхгүй бол байр түрээсэлнэ”
2019-10-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Цас орох гээд ч байх шиг үгүй ч юм шиг бүүдгэр өдрийн мэндийг хүргэе. Энэ өглөө хэн бүхэн зузаан ороолтдоо шигдэн өөр өөрийн сэтгэлд өвлийг төсөөлж алхана. Автобусны буудал дээр тамхи татаж зогсоо залуугийн хамар нь байдгаараа улайчихсан хөлөө хавсраад л, гялгар потинк нь тог тог хийх нь хүйтнийг мэдрүүлнэ.

 

Залуу хачин ганган. Гялгар потинк, цагаан срочк, гадуур нь нимгэхэн цув өмсчээ. Тамхиа татаж дуусгаад халааснаасаа бохь гарган шалавхан зажилаад хэн нэгнийг хүлээх аж. Удаан хүлээлгэсэнгүй тэндээс мөн л нимгэхэн цувтай нэг их гоё үнэртэй бүсгүй хүрч ирэхэд залуу “Төрсөн өдрийн мэнд хүргэе хайраа” гээд шов хийтэл үнсээд залуус хөтлөлцөн такси бариад хөдөллөө.

 

“Айпон унтраад эхэлчихлээ”

 

Даарч зогссон бүгдийн дунд дулаахан “агаар” бэлэглэчихээд залуус явчихав. Удалгүй автобус ирснээр өнөө дулаан агаар замхран одож автобусны хаалгаар багтаж орох хүсэл биднийг “араатан” болгож орхив. Угаас хүн ихтэй үед автобусанд багтахын тулд хүн цагаа тулахад хэрхэн амиа боддогын жишээг бодитоор харуулдаг юм...

 

Оюутан байрын хоёр залуу орж ирээд нэг нь халаасаа тэмтэрч үзээд “Еоох утсаа алдчихаж гэж айлаа шт, ашгүй байна” гээд айпон загварын гар утсаа гаргаж ирснээ “Өө хөөрхий унтарчихсан байна шт”

 

- Цэнэггүй болчихсон юм уу?

 

-Үгүй ээ, дүүргээд гарсан. Хүүе ээ гадаа хүйтрээд энэ маань царцаад эхэлчихэж байгаа юм биш үү, хорвоо юм аа. Энэ бид хоёр энэ өвлийг давахгүй юм байна л даа

 

-Хүүе ээ, ийм эрт царцаад эхэлчихэж байгаа юм уу?

 

-Харин тэглээ шт. Нээрээ энэ айпон яагаад ингээд хүйтэнд унтарчихаад байдаг юм бол

 

-Хэн мэдэхэв, миний хөгшин нэг нокио олж аваач. Амар шт, алдана гэж байхгүй, эвдэрнэ гэж байхгүй хаха хэмээн нөгөөхөө явуулж байх хооронд дараагийн буудлаас суусан өөр олон зорчигчдын нэлээд ахмад нь  “Залуу хүмүүс байж олигтойхон яваад өгөөч” гэж зэмлэснээр арагшиллаа.

 

“Нэг л өглөө үхчихийг хэн байг гэхэв”

 

Залуусыг загнаж арагшлуулаад өөрөө байранд нь ирсэн ахимаг насны эмэгтэй “Энэ автобус багшийн дээд орно биз дээ” хэмээн ойрын хүнтэй яриа эхлүүлснээр тэд аанай л танил мэт хүүхэд, хүргэн, түлээ түлшний тухай ч яриад амжив.

 

- Энэ өвөл яажшуухан онд орох вэ л гэж бодож байна

 

- Хэлээд юу гэхэв. Нүүрс заруулахгүй, нөгөө сайжруулсан түлш нь хордоогоод хүмүүсийг алж байна шт

 

- Төр, засаг арай ч дээ. Ард түмнээ боддоггүй юм гэхэд одоо бүр хордуулах дээрээ тулж байх шив. Би лав айгаад тэрнийг нь түлэхгүй байгаа. Танайх түлж байгаа юу?

 

- Өчигдрөөс айхтар хүйтэрч байна. Дан мод шажигнаад л дуусчихаж байгаа юм чинь түлэхгүй гээд яахав. Тэгээд ч модоор яаж байшин дулаацуулахав дээ. Өчигдөр түлсэн, гайгүйхэн л хонолоо. Айж л байлаа бурхан минь.

 

- Би ч түлэхгүй байгаа. Гэрээ дулаалчихсан одоохондоо модоор галлаад хоночиход нэг их хүйтэн хонохгүй байна. Яршиг өнөөхөд нь хордоод нэг л өглөө үхчихийг хэн байг гэдэг юм.

 

- Модоор өвөлжихгүй дээ. Буцаад нүүрсээ заруулвал таарсан юм.

 

-Нүүрс заруулахгүй энэ түлшээр өвөлж гэвэл би лав хөгшинтэйгээ хоёулаа байр түрээсэлнэ гэж бодож байгаа. Хүүхдүүд түрээсийг нь зохицуулчих байлгүй дээ. Ээж аавыгаа амьд сэрүүн байлгая л гэж байгаа бол гээд ахимаг насны эгч сүрхий сэлбэлзэж байна.

 

Нийгэмд үүссэн нөхцөл байдал ард түмнийг аргагүйдүүлж байгаа бололтой. Автобусанд хамт суусан хоёр хүн тутмын нэг нь энэ талаар яриа дэлгэж “Дөрвөн хүн нас барсан гэсэн шт”, “Ёстой аймар юм аа”, “Аймар хортой гэсэн, битгий түл” зэргээр энэ тухай зайлшгүй нэг үг хэлж байх юм.

 

“Юун ч олон хүүхэдтэй юм, чааваас”

 

Баянхошууны 112-ын буудлаас 3-4 насны охин хүү хоёроо хөтөлсөн, ой л хүрэх гэж байгаа бололтой нялх үрээ тэвэрсэн залуухан бүсгүй, нөхрийнхөө хамт орж ирлээ. Хүн ихтэй автобусанд тэдэнд суудал олдох нь тун бэрх. Тэд ч суух гэж тэмүүлсэнгүй үүд орчим зогсоод нөхөр нь нялхыгаа тэвэрч, хоёр хүүхдээ үл таних өвөөгийн өвөр дээр суулгалаа. Эхнэр нь эрхлэх янзтай нөхрийнхөө энгэрт наалдаад “Ханиа” гээд хэлэх зүйлгүй хэр нь дэмий л хошуу цорвойлгох аж.

 

Хоёр том нь танихгүй хүнээс гэрэвшсэн зүйлгүй “За ороод байгаарай ороод байгаарай” хэмээн тэр хавийн хүмүүсийг хөгжөөж явна. Залуу эхнэртээ хүүхдээ огт өгөхгүй нэг гараагаа хүүхдээ тэвэрснээ нөгөө гараараа эхнэрээ тэвэрч тэнцвэрийн гайхамшгийг харуулав. Бүхий л аз жаргалаа тэвэрсэн залууд амьдрал дэндүү амттай санагдаж байх шиг бухимдал үгүй, зовлон ч үгүй царайд нь баясал тодрох юм.

 

Залуу гэр бүл Зурагтын хуучин эцэс дээр бууж одлоо. Тэднийг буусны дараа дээр түлшний тухай ярьж байсан хоёр эмэгтэйн нэг нь “Чааваас даа, юун ч олон хүүхэдтэй юм билээ. Нөгөөдүүл нь хувцас хунар ч муутай юм” гэж зам хөндлөн гарч яваа гэр бүлийг араас нь өрөвдөнгүй ширтэнгээ өгүүлсэн нь урам хугалав.

 

Тэдний бяцхан үрс энэ эмэгтэйд гэм хийсэн гэж үү. Таараад өнгөрсөн танихгүй хүний хүүхдийг “юун ч олон юм” гэж ад үзэх эрх түүнд бий гэж үү. Хүний амьдралд хошуу дүрнэ гэдэг л  энэ байх.

 

Ийм нэг амьдралын олон өнгийг “дайсан” автобус аажуухнаар урагшилсаар МУБИС-ийн буудал дээр ирж зогссоноор энэ удаагийн автобус тэмдэглэл өндөрлөлөө.

 

Буцаад болж бүтэхгүйн будант мананг арилгах “амттай” тэмдэглэлээр уулзъя. Түр баяртай.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
худлаа зүйд бичиж байхаа боль
2019-10-11
Зочин:
Бодит байдлыг бичиж байгаа бол жинхэнэ нэрээ бич ээ. Халуун хөнжил сонин шиг зохиогоод биччих юм.
2019-10-10