Д.Цогтбаатар: Абу Дабид ЭСЯ нээх нь эдийн засгийн ашигтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-ЭСЯ-нд ажиллаж байгаа хүмүүс арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Элчин сайдууд өөрсдийгөө том дарга гэж бодохоо болих хэрэгтэй. Элчин сайд гэдэг хүн улс орныхоо төлөө очоод юм гуйдаг байх ёстой. Абу Даби-д ЭСЯ нээснээр худалдааны эргэлт ямар байх вэ?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Таны хэлсэн шалтгааны улмаас ЭСЯ нээх гэж байгаа юм. АНЭУ Монголд ЭСЯ нээсэн. Эмиратаас бид Говь-Алтайд баригдсан УЦС-ыг хөнгөлөлттэй зээлээр барьсан. Тэнд айлууд цахилгаанд холбогдсон байгаа. Абу Даби бол дэлхийн худалдааны төв болсон. Тэнд байнга эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа. Тийм учраас бидэнд ЭСЯ-аа нээх шаардлагатай байгаа. Абу Даби, Кувейтийн санд Монголын Элчин сайд суугаад хөрөнгө оруулалт хүсч байх хэрэгтэй. Мэдээж, худалдааны эргэлт муу байгаа. Хөгжлийн замдаа тэндээс сурах маш олон зүйл байгаа. Кувейтийг хаагаад Эмиратын ЭСЯ нээж болохгүй. Кувейт манайд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Эмиратынхан тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж өгнө гэсэн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Хил орчмын аялал жуучлал гэж мөн ч их ярьдаг. Замын-Үүд-Эрээнээр жилдээ давхацсан тоогоор Монгол талаас 3 сая орчим зорчигч гардаг бол Эрээний талаас жилдээ 150 мянга орчим зорчигч орж ирдэг байна. Манайхан Хятадын талд очиж мөнгөө тушааж байгаа. Гэтэл Хятадын талаас наашаа орж ирдэг хүний тоо хил дээр гацаад 2012 оноос хойш эрс багассан. Ядахдаа нэг өдрийн, гурван өдрийн хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулж болохгүй юу? Олон хоног хүлээнэ гэвэл хэн манайд аялж жуучлах вэ?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-ГХЯ энэ асуудалд нээлттэй хандаж байгаа. Хоёр хөрштэйгөө харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Улс төрийн асуудал бий. Дипломат харилцаа асуудалгүй мөртлөө дотоодод сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Мөн техникийн хүндрэл байгаа.
ГХЯ-ны Консулын газрын дарга н.Мөнхтүшиг:
-Хил орчмын аялал жуучлалын талаар хэлэлцэж байгаа. Нэгээс долоон өдрийн хугацаатай байх юм. Харин Монгол Улсын талаас виз дарахад техникийн асуудал тулгараад байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд Элчин сайдын гол зорилт байдаг. Мөн эдийн засгийн ашигтай байх хэрэгтэй. Эмиратад ЭСЯ байгуулахад эдийн засгийн ашиг шальтай зүйл байхгүй. Бид хаана явсан газраа алдаатай наймаа хийдэг. Импортын хэмжээ нэмэгдэж, экспорт өсөх боломж бий юу. Шонхрын наймаа юу, махны наймаа юу. Элчин, консулуудаас татан буугдах, ашиггүй газар байгаа юу?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Бид худалдааны харилцаагаа сайжруулна. Эмиратад одоогийн байдлаас өсгөх боломж байгаа. Манайх 2018 онд 7 тэрбум ам.долларын худалдаа хийж, 2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Тус тусад нь аваад үзэхэд ихэнхдээ алдагдалтай байгаа. Эмиратад хөнгөлөлттэй, зээл тусламжаа бид тусгаагүй. Экспортын хамгийн боломжтой хувилбар бол мах.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүд хоёр хоногийн хугацаанд Элчин сайдыг томилохыг санал болголоо. Ойрын хугацаан Элчин сайдын нэрсийг оруулж ирж хэлэлцүүл. Гишүүдийн тавьсан шаардлагыг анхаарч, хуулийг баримталж ажилла. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Сайд нар асуудал оруулж ирэхдээ УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй" хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ