Шахмал түлш хэрэглэгчид ярьж байна


Одоогоос арван хоногийн өмнө “Шахмал түлшний шидийг үзэх өдрүүд айсуй” хэмээн бичиж байв. Харамсалтай нь өнгөрөгч арав хоногийн хугацаанд шахмал түлшийг худалдан авч хэрэглэсэн зургаан хүн угаарын хийд хордож хорвоог орхиод байна. Тэд түлшийг буруу хэрэглэж, зуухаа галласнаас амь хохирсон гэх албан дүгнэлт гарав.
Олон хүний амь хохирсон энэ асуудлаас улбаалан айл өрхүүд шахмал түлшийг итгэл дүүрэн хэрэглэж чадахгүй байгаа. Хэрхэн зөв хэрэглэж, зуухаа галлах тухай зөвлөмжийг айл бүрт тараасан ч энэ нь хожимдсон ажил болов. Гэхдээ хэрэг болсон.
Тэгвэл 120 гаруй хүн угаартаж, зургаан хүн нас барсан “хар” өдрүүдийн дараагаар айл өрхүүд шахмал түлшийг хэрэглэж буй эсэх гадаа эрс хүйтэрч буй энэ цагт хэрхэн гэр, сууцаа дулаацуулж байгааг сурвалжиллаа.
“Нам даралтын зууханд хавраас хойш түлсэн, асуудал алга”
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Цэдэвсүрэн
-Манайх нам даралтын зууханд өнгөрсөн хавар анх шахмал түлш гарснаас нь хойш түлж байгаа. Ээжийнх бас өнгөрсөн хавраас монгол гэрт төслийн зууханд түлж байгаа. Одоогоор амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан зүйлгүй байна. Манайх зуухаа галлахдаа эхлээд түлшээ хийгээд дээрээс нь модоо хийж асаадаг. Яг л түүхий нүүрс шигээ л түлээд байгаа. Нэг түлэхдээ 2-3 кг түлш хийдэг. Одоо бол 2 айл 25 кг түлшээ 2 хоног түлж байна. Одоо дулаан үед бол өглөө нэг түлчихэд орой болтол гэр дулаахан л байна. Өглөө хийгээд бүрэн шатаж дуусахаар нь нэг мөсөн орой хийж байгаа. Орой багахан хийж унтахгүй бол хэт халаад байдаг. Өмнө нь түүхий нүүрс томоороо байдаг болохоор хагалахаас эхлээд түлэхэд хэцүү байсан. Шахмал түлш илүү амар. Ер нь бол утаа тортог гардаггүй гээд давуу тал ихтэй. Гэхдээ хүмүүс яг яаж түлээд угаартаад байгаа юм бүү мэд. Миний ойлгосноор хүмүүс уламжлалт зууханд буруу түлээд угаартаад байх шиг байна. Иргэд заавал нэг юмыг харлуулах гэхээрээ түүнийгээ л тойруулаад муулаад байх шиг санагддаг. Ер нь зуухаа шинэчлэх нь ч бас нэг утааны эсрэг өөрийн хүлээх хариуцлага гэж бодож байна.
“Цаашдаа яах бол гэж санаа зовж байна”
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б.Бурмаа
-Шахмал түлшнээс хүмүүс хордож нас барлаа л гэнэ. Муу юм их л дуулдах боллоо. Манайх одоохондоо гайгүй түлж л байна. Цаашид яах бол доо гээд санаа зовж л байна. Зуухаа галлаад хаалтаа огт хаахгүй байгаа. Тэгэхээр мод л их түлэх юм шиг санагдсан. Учир нь сайжруулсан шахмал түлшийг эхлээд модоор ноцоож асаадаг. Нэг асаагаад унтрахаас нь өмнө дахиад түүхий нүүрс шиг цогон дээр нь нэмээд хийхээр огт асахгүй юм билээ. Тиймээс дахиад л модоор эхлээд галлах шаардлага гарах юм. Санаа дагаад ч тэр юм уу, галлах бүрт толгой өвдөөд байх шиг санагддаг.
“Хөдөөнөөс хөрзөн авчирч түлж байгаа”
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны оршин суугч Э.Эрдэнэцэцэг
-Манайх нялх хүүхэдтэй учраас есдүгээр сарын сүүлчээс шахмал түлшээр хааяа нэг гал түлж гэрээ дулаацуулчихаад унтдаг байсан. Тухайн үед ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй. Манайх энгийн уламжлалт зуухтай. Яндангийн хаалт байхгүй. Тийм болохоор ямар нэг хаалтгүй гэсэн үг. Харин олноороо хүн угаартлаа гэх мэдээ цацагдангуут ог түлэхээ байсан. Үр хүүхдээ бодоод хурдан шатаад дуусчихдаг ч модоор л галлаад байлаа. Одоо цаг агаар эрс хүйтэрч байгаа тул дан ганц модоор галлаад дулаан хонох ямар ч нөхцөлгүй болоод байна. Арга ядахдаа хөдөөнөөс хөрзөн авчруулаад түлж байгаа. Хамгийн аюултай нь угаарын хий нь харагдахгүй, үнэртэхгүй, мэдрэгдэхгүй. Гэнэтхэн л унаад өгдөг гэхээр айдастай санагдаж байна. Би өдрийн цагаар нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа гэртээ байдаг болохоор гэнэт ухаан алдаад хэнд ч мэдэгдэхгүй нас барчихвал яана гэх зэргээр муу юм их л бодогдоод, болгоомж илүүдэхгүй гээд шахмал түлш огт түлж чадахгүй байна. Уг нь 2-3 шуудай түлш авчихсан байгаа л даа. Энэ өвлийг яаж давах вэ л гэж бодож байна. Хэрэв цаашид нүүрс түлүүлэхгүй энэ түлшийг түлүүлнэ гэвэл яриад байсан угаарын хий мэдрэгчийг нь авч байж л түлье гэж бодож байна. Ядаж угаартах гэж буйгаа мэдвэл гараад гүйчихвэл амь нас аврагдана шүү дээ.
Шахмал түлш түлэхээс өөр сонголтгүй гэр хорооллын 220 мянган өрхийн төлөөлөл ийнхүү ярьж байна. Айсан ч, амь нас хохирох вий гэж санаа зовнисон ч тэдэнд сонголт үлдээгүй тул шахмал түлшээ хэрэглэсээр л сууна. Зарим нь сайшаах бол өөр нэгэн нь санаа зовнин буйгаа хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ