TOYOTA AQUA автомашины төлөө 150 бүсгүй өрсөлдөж эхэллээ
10-14

Энэ бол өөрийгөө өөрчилж чадсан бүсгүйд очих ШАГНАЛ. Өмнө нь автомашины шагналтай хоёр ч уралдааныг амжилттай зохион байгуулсан Сүлд спиннингийнхэн энэ удаа Тоёота Акуа төмөр хүлгийг гаднаа сойж, өөрийгөө өөрчилсөн, ялан дийлсэн зоригт бүсгүйд өгөхөөр зэхжээ.

 

 

Монголын эргэлтэт дугуйн холбоо, Сүлд спиннинг клуб өөрийгөө ялан дийлэх зорилготой бүсгүйчүүдийн ээлжит тулаанаа эхлүүлж байна. FAT to FIT хэмээн нэрлэсэн энэ удаагийн тэмцээнд 75-95 кг-ын жинтэй 150 бүсгүй оролцохоор бүртгүүлж, өчигдөр биеийн хэмжилтээ хийлгэж, эрүүл мэндийн зөвлөгөөгөө авлаа. “Хүүгээ гаргаад 80 кг хүрсэн. Өмнө нь аэробек, фитессээр хичээллээд урам хугарсан. Харин спиннинг их гоё” хэмээн ярьсан бүсгүй биеийн жиндээ жаахан гутарсан ч гоё сайхан болох зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө зориг гарган ирсэн нь энэ. Ийм л зорилготой 150 бүсгүй нэг гараанаас гарч, өөрийгөө олж, цаашлаад унах унаатай болохоор шийджээ.

 

 

Сүлд спиннинг клубын Арслантай гүүр салбарт явагдсан хэмжилтийн үеэр тус клубын захирал Г.Мөнхсүлдээс энэ удаагийн тэмцээний талаар цөөн зүйлийг тодрууллаа.

 

-Жин хасах,  бооцоот ээлжит уралдаан эхэлж байна. Хичнээн хүн бүртгүүлэв?

 

-Дандаа бүсгүйчүүд оролцож  байна. Нийтдээ 150 хүн бүртгүүлж, өнөөдөр хэмжилтээ хийлгэж байна.

 

-Жингийн хувьд?

 

-75-95 кг-ын жинтэй бүсгүйчүүд өрсөлдөнө. Тэмцээн уралдааныг шударга явуулах үүднээс жингийн ангилал заадаг. Хамгийн чухал зүйл бол эрүүл зөв аргаар жингээс хасна.

 

-Уралдаан ямар хугацаатай явагдах вэ?

 

-Нийт 60 хоногийн хугацаанд явагдана. Бүсгүйчүүд маань шинэ жилээс өмнө илүүдэл жингээсээ салж, гоё болно гэсэн үг.

 

-Уралдааны шагнал автомашин байна. Өмнө нь  бас машинтай уралдаан хэд хэдийг зохион байгуулсан байх?

 

-Сүлд спиннинг клуб өмнө нь автомашинтай уралдааныг хоёр удаа зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа оны босгон дээр гурав дахь ялагчийг тодруулж, Приус Акуа автомашинаар шагнана.

 

Мөн энэ удаагийн уралдаанд таван багш ажиллаж байгаа.

 

-Өнгөрсөн уралдаанууд явцын дунд ялагч нарыг тодруулж шагнаж байсан. Энэ  удаа ийм урамшуулал бий юу?

 

-Энэ удаагийн уралдаан супер ялагчаас гадна эхний таван байр шагналтай. Өмнө нь зөвхөн нэгдүгээр байранд орсон хүнийг шагнадаг байсан. Хэдэн зуухан граммаар ялагдаж, дараагийн байруудад орсон хүмүүс маань гомдоллодог. Тиймээс эхний таван байрыг шагнахаар болсон.

 

 

-Хөдөө орон нутгаас зорьж ирсэн хүмүүс байна уу?

 

-Байна аа. Хөвсгөл аймгаас ирсэн. Бас Баянхонгор, Говь-Алтай аймгаас зориод ирсэн хүмүүс байна. Энэ хүмүүсээ зорилгод нь хүргэхийн төлөө бид үр дүнтэй ажиллана.

 

-Ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?

 

-Монре даатгал хамтарч байна. Тэмцээнд оролцож байгаа хүн бүрийг осол гэмтлээс хамгаалсан дааатгал хийж байна. Мөн цайртай усны Оspring Мongolia зэрэг олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Бас эмчийн баг ажиллаж байгаа.

 

 

-Энэ  уралдаанд зөвхөн бүсгүйчүүд оролцож байна. Гэтэл спиннингээр хичээллэдэг, жингээ хасах зорилготой эрчүүд олон байгаа. Тэдэнд яагаад боломж олгосонгүй вэ?

 

-Энэ асуулт маш их ирж байна. Зөвхөн эрчүүд ч гэхгүй 95 кг-аас дээш жинтэй бүсгүйчүүд биднийг ялгалаа гэж гомдоллож байна.

 

Бид ирэх хавраас эрчүүдийнхээ дунд ийм тэмцээнийг зохион байгуулна. Сүүлийн үед эрчүүд спиннингээр их хичээллэдэг болсон. Энэ спорт зөвхөн жин хасахаас гадна стресс тайлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин