Хугацаагүй зөвшилцөл ээлжит сонгууль хүртэл үргэлжлэх үү
2019-10-14

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг зөвшилцлөөр үргэлжилж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд хоригт тавьсаныг УИХ хүлээж аваад байгаа. Үндсэн хуулиа барьж журмын тухай хуулиндаа өөрчлөлт оруулан баталснаар хуулийн зөрчилж арилж байгаа аж.  Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах уу, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах эсэх эрх нь УИХ-ын мэдэлд байгаа юм.

 

Ямартай ч Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дахин задрах төлөвтэй байна. Зөвшилцлийн ажлын хэсэг дахин саналаа нэгтгэж байгаа юм.  Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй холбоотой  “Ерөнхий сайд болон Засгийн гарын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг тусгаад байгаа юм. Харин энэ заалт дараагийн хэлэлцүүлгээр өөрчлөгдөх магадлалтай. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцлийн ажлын хэсэгт “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна, бусад Засгийн газрын гишүүд гаднаас сонгогдоно” гэсэн саналыг тавьсан байна. Ерөнхийлөгчийн энэ  саналыг олон нийт эсэргүүцэхгүй ч парламент хүлээн зөвшөөрөхгүй талтай. Тэгээд ч Засгийн газар парламентаасаа дэмжлэгтэй байхын тулд тодорхой гишүүдийн квоттой байх шаардлагатай гэдэг.

 

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөхөд УИХ дахь АН-ын зөвлөл өөрсдийнх нь тавьсан зарчмын санал тусгагдаагүй гэж үзэн хэлэлцүүлэгт дахин оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан. УИХ дахь АН-ын зүгээс “Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх. УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх” саналыг тавьж байгаа юм.  Одоогийн хувилбараар “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол УИХ өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тусгасан байгаа.  АН-ын зүгээс тавьж байгаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналд тойргоос болон намын жагсаалтаар сонгох асуудлыг тусгасан байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоог тусгахгүй, ердийн хуулиараа явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.  Тиймээс ч хуулийн төсөлд “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнө нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль балах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт дэмжидсэн юм. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг ард түмэн эсэргүүцнэ гэж гишүүдийн олонх шүүмжилж байгаа юм билээ.

 

УИХ дахь ШИНЭ намын төлөөлөл  байгалийн баялгийг тэгш шударгаар хуваарилахтай холбоотой заалтыг зөвшилцлийн явцад өөрчлөхгүйгээр батлах саналтай байгаа аж. Хуулийн төсөлд  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударгаар хүртээхэд чиглэнэ гэсэн заалт  оруулсан.

 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хуулийн зөрчлийг УИХ арилгаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаа баталлаа. Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг  саналаа нэгтгэн оруулж ирэх үлдээд байна.

 

"2016 оны УИХ-ын сонгуулиар  МАН-ын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулиндаа ард түмнээрээ хэлэлцүүлэн өөрчлөлт оруулахаар амлаж, сонгогдсон. Энэ парламентын түүхэн ажлын нэг" гээд УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд  үнэмлэхүй олонхи эрх баригч хүчний гишүүн бүр л бахдалтайгаар тодотгон ярьж байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчинтэй зөвшилцөхгүйгээр энэ түүхэн ажлаа гүйцэтгэж амжихгүй. 

 

Гэхдээ парламентад суудалтай намууд болон Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа саналыг УИХ хүлээж авах нь эргэлзээтэй. Үүнээс үүдээд УИХ дахь МАН-ын бүлэг дахин хагаралдах асуудал үүсэх ч энүүхэнд. УИХ шийдвэрээ гаргаагүй ч 30 тэрбумын зардал гаргах ганцхан асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахгүй нь тодорхой болоод байгаа. Хэрвээ төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ хууль батлах бүрэн эрхээ эдэлье гэхэд  Ерөнхийлөгчийн болон АН-ын зөвлөлийн саналыг хүлээж авахаас аргагүйд хүрч, хоёрдугаар хэлэлцүүлэг задарна.


Ийнхүү зөвшилцөл үл ойлголцлоор үргэлжилвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг ч ээлжит сонгууль хүртэл сунжирч мэдэх нь.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
2019-10-15
иргэн:
Үндсэн хуулиа амар тайван орхиоч ээ. Хагас дутуу. эрэмдэг зэрэмдэг өөрчлөлтөөр яах юм бэ
2019-10-15
ШУДАРГА:
УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ БУЙ ГАЙТ МАН ХАН ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛАН ТАРЦГАА,,,
2019-10-14