Д.Тогтохсүрэн: Ирэх долоо хоногоос Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орно
2019-10-14 15:55

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг гаргасан байна. Улсын төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

 

-2020 оны улсын төсвийн зарлага өндөртэй байгаа. Сонгуулийн жил зарлагаа өндөр болгов уу?

 

-Гадаад, дотоодын эрсдэл байна. Ирэх жил төмрийн хүдэр өсөлттэй байхаар тооцсон. Алтны олборлолтыг бууруулж төсөөлсөн. Концессийн нэг  ч төгрөгийн гэрээ байгуулаагүй. Анх байгуулагдаж байхдаа 3.8 их наяд төгрөгийн концессийн гэрээг дамжуулж авсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрын байгуулсан концессийн гэрээг үргэлжлүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

-Та өр буурлаа гэж их ярьдаг. Гэтэл өмнөх онуудтай харьцуулахад дүн нь адилхан байгаа. Нэг бондыг нөгөө бондоор авч дарахыг өр төлөөд байна гэх үү?

 

-Монгол Улсын өр 29.7 тэрбум ам.доллар. Үүнээс 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр. Хувийн хэвшлийн авч байгаа зээл нэмэгдэнэ гэдэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэсэн үг.  2.2 тэрбум нь арилжааны банкуудын авсан зээл. Арилжааны банкууд гаднаас эх үүсвэр авч, санхүүдэг. Үлдсэн нь Засгийн газрын өр. Засгийн газар 7.2 их наяд төгрөгийн өртэй байсан. Сангийн сайд болсноос хойш 7.4 тэрбум төгрөгийн зээл төлсөн.  Төсвийн алдагдлыг 2 их наядаар төсөөлсөн. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Энэ орлогод Тогтворжуулалтын сан, Ирээдүйн сангийн орлогыг нэмээгүй.

 

-Цалин, тэтгэврийг хэдэн төгрөгөөр нэмэх вэ?

 

-Инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ.

 

-Ирэх жил хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

 

-Царцаагдсан 23 объект дээр 23 тэрбум төгрөгийг тавьсан.  

 

-Саарал жагсаалтад бичигдэх болоод байгаа. Яагаад ийм асуудалд орох болсон бэ?

 

-Саарал жагсаалтад Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийлгэх шаардлагатай.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах уу, шууд гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих үү?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.  Энэ долоо хоногт зөвшилцөл нэлээн явагдах байх. Дараагийн долоо хоногоос гуравдугаар хэлэлцүүлэгт орох чигтэй ажиллаж байна.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
олигархуудгүйгээр эрдэмтэдийн бүтээл амьдралд хэрэгждэггүй
2019-10-15