Г.Занданшатар: Сайжруулсан түлшний талаар зөвлөмж хүрээгүйгээс иргэд айдастай байна
10-14

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын дарга Г.Занданшатар шахмал түлшний асуудал болоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын даргын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүдэд сайжруулсан түлшний хэрэглээ, агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсан. Айлуудаар явахад иргэдийн дунд эргэлзээ байна. Зарим хүмүүс тоглоом шогломоор ч гэсэн “Нэг бол угаартаж, нэг бол хөлдөж үхэх айдас байгаа шүү” гэж хэлж байна. Айл болгоны зуух өөр өөр байгаа. Агаарын бохирдол, утаа бага байгааг иргэд хэлж байгаа. Хамгийн гол нь хүний амь битгий эрсдээсэй гэж байна. Утаа бол нийтийн эрх ашгийн асуудал хэмээв. Ингээд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

 

Түүхий нүүрс рүүгээ битгий буцаарай гэж захиж байна

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд айлуудаар явлаа. Утаа багассан байна, мэдрэгдэж байна гэж хүмүүс хэлж байгаа. Түүхий нүүрс рүүгээ битгий буцаарай гэж захиж байна. Хамгийн гол нь Тавантолгойн нүүрсний шуудайг 5000 төгрөгөөр авна гэсэн зар явж байгааг хэлж байна. Шуудайн дээр танилцуулгаа маш сайн хэлэх хэрэгтэй. Хэрвээ ингэвэл хүний амь эрсдэхээс  сэргийлнэ гэдгийг иргэд захиж байна. Мөн 25 кг-тай шуудайгаар худалдаалахын оронд нэг тонн-оор хүргэх бололцоо байгаа эсэхийг иргэд мөн хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Гэрт байгаа айлууд сайжруулсан түлшийг борлуулахад болж байна. Байшингтай айлуудад хүндрэл байгааг хэлж байна.Сурталчилгаа дутмаг байгаа юм шиг харагдсан. Шуудайны зааварчилгаан дээр бүх төрлийн зууханд таарна гэсэн зүйл байна. Анхаарах зааварчилгаа байхгүй байна. Арилжааны зар байснаас зөвлөгөө хэрэгтэй. Улс нийтээрээ энэ бэрхшээлээс гарах хэрэгтэй. Дахиад битгий иргэдийн амь эрсэдсэн зүйл гараасай гэж байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Өнгөрсөн өвөл Сонгинохайрхан дүүрэгт туршилтын шугамаар түлж эхэлсэн. Айлууд хуримтлагдсан нүүрсээ сайжруулсан түлшээр сольж болох уу гэдэг санал тавьсан. Төслийн зууханд сайжруулсан түлш сайн зохицож байна. Ердийн зуухтай айлууд пийшингээ сайжруулах хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна. Айлууд төр, засгийн гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Ханан пийшинд илч муутай байна гэсэн шүүмжлэл байна. Ажил хариуцсан  хүмүүс ханан пийшинд яаж зохицуулах вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Шуудайгаар биш тонноор нь авмаар байна гэж иргэд хэлж байна.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-Зуухны төрөл, дулаан алдагдалтай эсэх гээд олон асуудал гарч байна. Бидний зүгээс зөв мэдээллээр бүх талаар нь хангаж ажиллахыг хичээж байгаа. 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс хойш 11 өдрийн хугацаанд 293 иргэн угаарт хордсон. Нийт 22 иргэн хэвтэн эмчлүүлж, 7 хүн амь эрсэдсэн. Хүний амь эрсдүүлэхгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

 

Сайжруулсан түлшний талаар зөвлөгөө мэдээллийг айл өрхөд өгөх, түгээлтийн цэгүүдэд байршуулахаар ажиллаж байгаа. Айл өрхүүдийг мэдээллээр хангах нь эрсдлээр хамгаална.

 

Сайжруулсан түлшнээс гадна нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой цахилгаан халаагуурт шилжүүлсэн, шаардлага хангаагүй засварын газар, ТҮЦ зэрэг нийтдээ 1500 объектийн зуухыг сольсон. Улаанбаатар төмөр зам гэхэд жилдээ 10 000 тонн нүүрс түлдгийг зогсоох бичиг явуулсан байсан. Энэ мэтээр зохих арга хэмжээг авсны үр дүн гарч байгаа гэж харж байна.

 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Түүхий нүүрс түлүүлэхгүй байх тогтоол 19 сарын өмнө гарсан. Сайжруулсан түлшээс гадна өөр орлох ямар боломж байгаа талаар судалж байна. Гэр хорооллын иргэдий шөнийн тарифыг хөнгөлж байна. Агаар цэвэршүүлэгч суулгана. Аж ахуйн нэгжүүд түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр сольж өг гэсэн шаардлага тавьж байна. Газ, цахилгаан халаагуур, газрын гүний дулаараар 22 байгууллага, сургууль цэцэрлэгийн халаалтыг сольж байна.

 

Эртнээс мэдээлэл сурталчилгааг яагаад хийгээгүй вэ гэж ярьж байна. Зөвлөмжийг нийслэлийн 202 мянган өрхөд 4200 хүнээр чадан ядан хүргэсэн.

 

Зуухны стандарт жигд биш, байшингийн стандарт жигд биш байгаа нь асуудал үүсгэсэн. Бид анх удаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон зээлийн бодлогыг гаргалаа. Шаардлага хангасан худалдан авагчдад 40 хүртэл сая төгрөгийн зээл олгоно.

 

Дугуй шатааж байна гэдэг. Тиймээс бид 92 мянган ширхэг дугуйг авсан. Бид дулааны алдагдлаа бууруулах ёстой.  Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэж,  илч нь хоёр дахин их байна. Цаашдаа бид хорооны хэсгийн ахлагчдаар дамжуулж зөвлөмж хүргүүлж байна. 

 

Найман айлаар ороход хоёр айл нь айгаад түлэхгүй байна

 

Э

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Жил бүр утаа гарахаар хэлдэг сэдэв байсан. Энэ удаад Засгийн газар түүхий нүүрсийг хэрэглээнээс хасах шийдвэр гаргасан. Бид ганц энэ аргыг хэрэглэж байгаа юм биш. Өнгөрсөн жил 42 мянган айлд цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдүүлж өгсөн. Агаарын бохирдол буурахад энэ мөн нөлөө үзүүлж байгаа. Эрчим хүчээр, халаагуураар зарим шийдэл нь явж байгаа. Эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай. Шахмал түлшин дээр бид стандартыг шинжилсэн. Иргэдэд шахмал түлшийг хортой юу гэдэг айдас байна. Тийм зүйл байхгүй. Хэрэглэж байгаа гол зүйл нь түүхий нүүрс, кокс хоёрын завсрын бүтээгдэхүүн. Дэгдэмхий нь бага, удаан шаталттай. Ердийн зууханд асуулга алга. Энэ түлш удаан шаталттай учир хүчилтөрөгч их дутагддаг юм билээ. Гадаа дулаан байх үед хүчилтөрөгч дутмаг байдгаас угаарын хий гардаг гэж мэргэжлийн хүн хэлж байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс судалж үзэх хэрэгтэй.

 

Найман айлаар ороход хоёр айл нь айгаад түлэхгүй байна. Тиймээс бид энэ асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай юм. Түгээлт мөн хол зайтай байна. Өмнө нь бөөний цэгийг төр, жижиглэнг нь иргэд хариуцаж байсан юм билээ. Үйлдвэрийн зүгээс бүтээмж дээр анхаарах ёстой.

 

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 24 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэтэл бидэнд 10 тэрбум төгрөг л төсөвлөсөн. Ирэх жил 28 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Яагаад гэвэл дулаанаа цахилгаанаар халаах айлуудын тоо нэмэгдэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-“Энержи ресурс” компанийн хаягдлаар сайжруулсан түлш хийж байгаа нь үнэн үү? Үүнийг иргэд асууж байна. Түүхий нүүрс,сайжруулсан түлш хоёрын хооронд үнийн зөрүү байгаа юу? Иргэдийн эрүүл мэнд хохирч, амь нас эрсэд нь үнэн.

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Энэ бол эрчим хүчний нүүрс. Багануурын нүүрсээс өндөр илчлэгтэй. Коксжсон нүүрсээс бага. Энэ бүр угаагдсан нүүрс. Тавантолгойн нүүрсэнд байгалийн бусад орц байгаа учраас түлж болохгүй. Өнгөрсөн жилийн нэг тонн Багануурын нүүрсний үнээс бага зарж байгаа. Иргэдэд хоёр дахин бага хэмнэлтийг иргэдэд бий болгож байна. Багануурын нүүрстэй буцаж зууралдаж болохгүй. Гамшиг болно.

 

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа н.Ядамдорж:

 

-Аравдугаар сарын дөрөвнөөс байдал хүндэрсэн. 123 дуудлагын таван тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж байна. Амиа алдсан хохирогчийн эд эсээс шинжилгээ авсан. Дүгнэлт гаргахад хугацаа шаардлагатай.

 

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд тодорхой үүрэг өгсөн. Ачааны машин, портероор нууж түүхий нүүрс оруулж ирж байгаа тал дээр онцгой хяналт тавихыг үүрэгдсэн. Энэ чиглэлээр нийслэлийн Засаг дарга уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Нүүрс  хэрэглүүлэхгүй юм байна гэдэг үүднээс иргэд нүүрс нөөцөлсөн асуудал бий. Түүхий нүүрс түлүүлэхгүй хориглох арга хэмжээ авч байна.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн олон гэр хороололтой нийслэл. Шийдэл нь өвөл хэцүү. Түүхий нүүрсийг хязгаарлах замаар бусад улс асуудлаа шийдвэрлэсэн. Улс төрөөс хараат бус Түр хороо байгуулж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн хороо, хэсэг, дүүргийн зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Зөвлөмжүүд очоогүй айлууд байна. Тиймээс “нэг бол угаартаж, нэг бол хөлдөж үхэх вий” гэж байгаа нь иргэдэд айдас бий болгожээ. Иргэддээ мэдээллийг тогтмол өгөх хэрэгтэй. Сайжруулсан нүүрсний талаар мэдээлэлтэй байхгүй бол  хүний амь эрсдэх аюултай. Иргэдэд хэрэглээний дадал хэрэгтэй. Айлууд гэрээ дулаалах шаардлагатай. Стандарт хангах талаар эрүүл мэндийн байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй. Сайжруулсан түлшний түгээлтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоог ханга. Цахилгаан зуух, цахилгаан халаалтыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Улаанбаатар хотын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлье. Хотын дахин төлөвлөлтөд анхаарч, хот руу биш хөдөө рүү шилждэг байх боломжийг бүрдүүлье. Энэ асуудлаар М.Оюунчимэг ахлагчтай ажлын хэсэг ажиллахыг үүрэг болгож байна.

 

Ийнхүү УИХ-ын дарга сайжруулсан түлшний хэрэглээ, асуудлын талаар албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний үүрэг чиглэл өглөө.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
odoo boltol galaa tulj suraaguy yu khiij yawsan ork we , zuukh , yandangaa zasaj yanzlaad archaatay amidar
2019-10-15
ман:
Алтан амиа алдаж байгаа хүмүүс цөөн дээр шахмал түлшээ зогсоое, хоол унд хийх зэрэг ахуйн зориулалтаар ашиглаж болно гахмал түлш сайн байж болно ШАТАХ ПРОЦЕСС аюултай СО үүсгээд үхээд байна дулаанбайх гэж унтаад тэр чигээрээ унтах аюул
2019-10-14