Амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх цагаан цаас биш шүү, ард түмэн
10-15

 

2020 оны улсын төсвийн хэлэлцүүлэг энэ долоо хоногоос эхэлнэ.  Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг   -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ.


Эрх баригч хүчин бүрэн эрхийн хугацааны сүүлийн онд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарал, ач холбогдлоо өгсөн нь тодорхой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байгаа талаар өнгөрсөн хавар эрх баригчид мэдээлж байсан. Бодит байдлаар дүгнэвэл 50 хувьдаа ч хүрэхгүй байх талтай. Өнгөрсөн гурван жилд эрх баригчид албан тушаалын төлөө УИХ-ын намрын чуулганыг 50 хоног гацааж, экс намын даргаа спикерийн суудлаас нь татаж унагах зэргээр  тэмцэлдсэнээс  бус бүтээлч шинэ ажил огт хийгээгүй.  Цалинг тодорхой хэмжээгээр нэмэх, шинэ төв цэвэрлэх байгууламжийн, Газрын тосны үйлдвэрийн  зэрэг нээлтийн шавыг өнгөрсөн парламентууд хэдэнтээ тавьж байсан болохоор шинэ содон зүйл биш.   


Харин энэ удаагийн улсын төсөвт мөрийн хөтөлбөрийн амлалтуудаасаа “шингээсэн”-ээрээ онцлогтой.  Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлэг  2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйл тусгагдсаныг сайшаасан байна лээ. Ирэх оны төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Ирэх оны төсөвт нийгмийн халамж,  бүтээн байгуулалтад ихээхэн төсөв тусгасан нь сонгуулийн жилтэй холбоотой.  Тухайлбал, улсын төсвийн төсөлд МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэж,  2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой бүрдэх аж.    Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжих юм.   Саяхан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нар Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй холбоотой зардлыг ирэх оны улсын төсөвт тусгаад байгаа юм.  Мэдээж, сонгуулийн жил цалин, тэтгэврийг нэмэх нь аль үеийн эрх баригчдын хэрэгжүүлдэг бичигдээгүй хууль. Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр 160 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Ингэснээр багш нарын  сарын дундаж цалин өнгөрсөн жил шаардаад байсан 1,5 саяд нь хүрэх тооцоог хүртэл гаргасан байна лээ.  

 

Мөн нэмэлт санхүүжилт шаардлагатай, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр бүрэн дуусгасан, ашиглалтад орсон төслүүдийн гэрээний үлдэгдлийг санхүүжүүлэх зэрэг царцаагдсан нийт 23 төслийг шийдвэрлэхэд  22.8 тэрбум төгрөгийг тусгажээ. Улсын төсвий хөрөнгө оруулалтаар 2017-2020 онд нийтдээ 232 цэцэрлэг, 156 сургууль, 53 дотуур байр, 68 соёлын төв, 92 эмнэлэг зэрэг нийгмийн салбарын нийт 601 барилга ашиглалтад орж байгаа аж.

 

Ямартай ч эдгээр бүтээн байгуулалт хаана хаана өрнөж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг ирэх жил харж  нь. Түүнээс бус өнгөрсөн хугацаанд,  өнөө жил ч бөөн бөөн бүтээн  байгуулалт ашиглалтад орж, мэдрэгдээгүй дэг, дээрх тоонуудаас харахад. 

 

Харин сөрөг хүчний тухайд  зарлагыг хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн шүүмжлэлтэй хандаж байсан. “2020 оны улсын төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол урьд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нөхсөн байна гэж харж байгаа. Сонгуульд иргэдээсээ санал авахын тулд төсвийн зардлаа нэмж болохгүй” гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа.  Тэр дундаа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрсөн нутаг Хэнтий аймагтаа хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр тусгуулсан гэсэн шүүмжлэл нийгмийн сүлжээнд ам дамжин яригдаж эхэллээ. Ирэх оны төсөв хэлэлцэх үед гишүүд тойрог тойрогтоо амласан амлалтаа биелүүлэхээр хөрөнгө санхүү тусгуулах гэж гэж зүтгэж, лоббидоно. Төсөвт тусгуулсан ажил хэрэгжих, эс хэрэгжихээс үл хамаарч, төсөвт тусгуулж, ажил эхлүүлсэн байхад хангалттай гэж үзэх нэгэн ч байгаа. Харин сонгогчдын хувьд шав тавих, ажил эхлүүлэх зэрэгт хөөрч баярлахаа нэгэнт больсоныг улстөрчид мэдмээрсэн. Иргэдийн хувьд "ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал" гэдэг зарчмыг л барих болсон. Түүнээс бус энэ оны төсөвт хөрөнгө тусгуулсан гээд бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилдээ сонгогчдодоо  ам бардам яриад байх хэрэггүй. Тэгээд ч УИХ-д суудалтай үнэмлэхүй олонх эрх баригчдыг дөрвөн жилийн өмнөх амлалтаа бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болох хоёрхон улиралд 100 хувь хэрэгжүүлж биелнэ гэдэгт итгэх цагаан цаас биш шүү, ард түмэн. 

 

Ямартай ч ирэх оны улсын төсөв нэгхэн сарын дараагаар хуулийн хугацаандаа батлагдана. Харин эрх баригчдын тооцоолсон ирэх оны төсөв өөрсдөд нь ээлтэй тусах эсэхийг сонгуулийн дүн харуулах юм.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүрэлсүхийн ЗГ сайн ажиллаж байгаа. Энэ ЗГ нэмж зээл авааүй хэрнээ бүтээн байгуулалтын маш олон ажил хийж байгаа. Сангийн сайдын оролцоо маш сайн байгаа
2019-10-15
зочин:
МАНгаруудын 2016 оны мөхийн хөтөлбөр 50 хувьтай гэнэ үү. Үхсэн нохойн оцгор хоорондоо хэрэлдэж албан тушаал булаацалдахаас өөр юу хийсэн юм 5%-д ч хүрэхгүй. Эсрэгээрээ татвар НДШ нэмсэн ард түмний нуруунд ачаалал нэмсэн амлалт бол цаашаа шүү 2020 онд дунд хуруу шүү МАНгаруудаа
2019-10-15