Монгол хүүхдүүдийг Японд сургах хөтөлбөрийн хугацааг сунгалаа
10-15

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа “Тогтвортой хөгжилд дээд боловсрол-Дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол” олон улсын их, дээд сургуулиудын захирлуудын чуулга уулзалтын үеэр Японы их сургуультай байгуулсан “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн хугацааг сунгах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 

 

Гэрээнд Япон Улсын Нагаока шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Юкава Такаши, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал доктор профессор Б.Очирбат нар гарын үсэг зурлаа.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЖАЙКА Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн бакалаврын сургалтын чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр Японы 10 их сургуультай “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм.

 

Тус хөтөлбөрөөр барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур, механик инженер мэргэжлээр нийт 320 оюутан сурч, Япон-Монгол хоёр сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

 

Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрийн хүрээнд нийт 107 оюутан Японы их сургуулиудын 3 болон 4 курст амжилттай суралцаж байна. Мөн Япон Улсын их сургуулиудад ШУТИС-ийн 50 багш, судлаач богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлээд байгаа бол Японы талаас 46 профессор, багш Монгол Улсад ирж бакалаврын сургалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин