Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг нэмэхийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Энэ хуулийн төсөл гурван удаа өргөн баригдаад байгаа аж. Үзэл баримтлал нь зөрчилдөөгүй бол нэрийг нь өөрчилж болох гэнэ. Засгийн газраас Зарим иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. 1990 онд хүүхдийнхээ тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан. Эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ өнөөдрийн тэтгэврийн доод хэмжээнд хүрдэггүй байна. Тухайн үед 4-өөс дээш хүүхэдтэй, 20-оос дээш жил ажилласан эхчүүдийг хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргаж байсан байна. Байнгын хороодын гишүүд хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр тогтлоо.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Олон хүүхэд төрүүлснийхээ төлөө хуулийн хайчинд орж хэлмэгдсэн эхчүүдийн асуудлыг шийдэж байгаад баяртай байна. Эхчүүд, эмэгтэйчүүдээ хэлмэгдүүлнэ гэдэг байж боломжгүй зүйл. Олон жилийн дараа энэ сайхан боломжийг манай эмэгтэйчүүд бүрдүүлж байна.Эхчүүдийн тэтгэврийн дундаж хэмжээ хэд болох вэ? Олон хүүхэдтэй эхчүүдээс гадна бусад иргэдийн тэтгэвэрт нэмэгдэл орж байх ёстой" гэдгийг тодрууллаа. Үүнд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Батжаргал:
-Одоогийн байдлаар нийтдээ 21.2 мянган эхчүүд байна. Одоогийн авч байгаа дундаж тэтгэвэр 350 мянган төгрөг. Хэрвээ эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянгаар нэмэгдэнэ гэвэл дундаж тэтгэвэр ьн 410 мянга төгрөг болно гэлээ. ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Засгийн газар Улсын төсвийн тухй хуулийг өргөн барихдаа Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан. Гишүүдийн санаачилсан хуулийн төслийн хоёр дахь хувилбар Улсын төсвийг өргөн барьсаны дараагаар орж ирж байгаа юм. Хамтатгаад хэлэлцээд явах боломжтой. Анхны өргөн барьсан хуулийн төслөөр дундаж хэмжээнд хүргэнэ гэсэн. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар дундаж тэтгэвэр гэсэн тооцоолол байдаггүй. Дундаж тэтгэврийн хэмжээнд хүргэнэ гэвэл жил бүр эдгээр иргэдийн тэтгэвэр нэмэгдэх юм. Тийм учраас нэг удаагийн арга хэмжээ болгоод 50 мянган төгрөгөөр нэмэгдээд явах төсөл өргөн барьсан.
Анх 1991 онд БНМАУ-ын хууль гараад ажлын байр чөлөөлөх нэрийдлээр эрт тэтгэвэрт гаргасан. Энэ иргэд тухайн үедээ 44 мянга байсан. 1996 онд энэ тэтгэврийг нь зогсоогоод 2000 оноос нөхөн олговрын хэмжээг бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүргэсэн гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Энэ хууль маш олон жил яригдсан. Хэлэлцэгдэхгүй явж байсан. Дөрвөн хүүхэд гаргасан ээж нарын хөдөлмөрлөх эрхийг золиосолсон хууль байлаа. Өнөөдрийн байдлаар энэ ээжүүдийн тоо 21 мянга болсон байна. Тэтгэвэр авагчдын нийт 80 орчим хувь нь хэт бага тэтгэвэр авдаг. Тэр үед хувь тэнцүүлсэн гэдэг ангиллаар тэтгэвэр тогтоож байсан. Энэ нь бага тэтгэвэр тогтоож байсан. Энэ хүмүүст нэг удаагийн арга хэмжээ болгож 50 мянган төгрөгийг нэмэхэд Засгийн газраас 17 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна хэмээв.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ